УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ 18 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа.
-Та ажлаас халагдсан 18 даргын нэг. Ямар тушаалаар ажилгүй болсон юм бэ?
-С.Эрдэнэ сайд үүрэг хариуцагчаар ирсэн анхны өдрөөсөө хууль бус шийдвэрүүдийг гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн.
Энэ хоморгонд Хөдөлмөрийн хэлтсийн 16 дарга, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дарга, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн дарга гэсэн 18 хүн хамгийн түрүүнд өртсөн. Энэ 18 хүн тангараг өргөсөн төрийн албан хаагчид юм.
Өмнө нь Я.Санжмятав сайд түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар хүмүүсийг энэ албан тушаалд авсан байдаг. Гэтэл хуульд ийм статус байхгүй. Түр орлон гүйцэтгэгчийг тухайн байгууллагын дарга ажлаа хийх боломжгүй болсон үед ахлахыг нь юм уу, тухайн байгууллага дотроос нь түр орлон гүйцэтгэх хүнийг хуулийн хүрээнд тодорхой хугацаагаар тавих ёстой. Тиймээс С.Чинзориг сайд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хууль бус томилгоонуудыг болиулж төрийн албаны салбар зөвлөлийг яаман дээрээ байгуулан, ажлын байран дээрх удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулалтад 150 хүн оролцож, 40 гаруй хүн шалгарснаас нэгдүгээрт жагссан 18 хүнийг дээрх албан тушаалуудад томилсон байдаг. Зөвхөн манай хэлтэст надтай хамт 13 хүн өрсөлдсөнөөс таван хүн тэнцэж би хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн учраас төрийн албаны зөвлөлийн журмаар энэ албан тушаалд томилогдсон юм.
-Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийг яасан бэ?
-Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн бидний 18 хүнийг Я.Санжмятав сайдын тавьсан түр орлон гүйцэтгэгч хүмүүсийн оронд томилж, тэднийг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ тэр хүмүүст төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцоод тэнцвэл буцаагаад томилох эрхзүйн үндэс байгааг мэдэгдсэн байдаг. Ингэж төрийн ажил хууль журмын дагуу зөв голдиролдоо ороод явж байтал С.Эрдэнэ сайдын үүрэг хариуцагч гэж хүн дөнгөж томилогдож ирэнгүүтээ С.Чинзориг сайдын бүх тушаалыг хүчингүй болголоо. Ингэснээр өмнө нь түр орлож байсан хүмүүсийн тушаал сэргэж, хууль журмын дагуу шалгалтаа өгөөд томилогдсон 18 төрийн албан хаагч чөлөөлөгдөж байгаа юм. Бид гэхдээ улстөржихийг хүсэхгүй байна. Төрийн сайд хүн яагаад тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг зүй бусаар халав гэдгийг С.Эрдэнэ сайдаас асуумаар байна.
-С.Эрдэнэ сайд би нэг ч хүн ажлаас халаагүй гэж хэвлэлээр ярьсан шүү дээ?
-С.Эрдэнэ сайд энэ халаа сэлгээнийхээ талаар мэдээлэхдээ “Би нэг ч хүнийг ажлаас халаагүй, нэг ч хүн томилоогүй. Харин үүрэг гүйцэтгэгч байсан хүмүүсийг түр орлон гүйцэтгэгчээр сольсон” гээд байгаа юм. Гэтэл энэ 18 хүн бол түр орлон гүйцэтгэгч биш. Бид төрийн жинхэнэ тангараг өргөж томилогдсон албан хаагчид. С.Эрдэнэ сайд хууль бус сонгон шалгаруулалт гэж яриад байна. Үнэндээ С.Чинзориг гэдэг хүн юм уу, Хөдөлмөрийн яам дангаараа сонгон шалгаруулалт хийгээгүй шүү дээ. Энэ бол төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан ажил. Энэ яаман дээр яагаад түр орлон гүйцэтгэгч байсан бэ гэхээр Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч байсан учраас төрийн албаны зөвлөл байгуулж болдоггүй байсан. Харин Төрийн нарийн бичгийн дарга нь албан ёсоор томилогдсоны дараа төрийн албаны салбар зөвлөл байгуулсан. Тиймээс энэ бол хууль бус зүйл биш.
-Түр орлон гүйцэтгэгч байсан хүмүүс удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орсон уу?
-Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өмнөх түр орлон гүйцэтгэгч нарын ихэнх нь ороогүй. Учир нь тэд ерөнхий шалгуурыг нь хангаагүй, тэнцээгүй байхгүй юу. Ядаж л мэргэжлийн бус, төрийн албанд ажилласан жил байхгүй, шалгалтад ороод тэнцээгүй ч хүмүүс байна лээ. Түүнчлэн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн хуучин гурван дарга байгаа. Миний мэдэхээр хоёр аймаг, нэг дүүрэгт түр орлон гүйцэтгэгч байсан дарга нар нь шалгарч буцаад ажилдаа томилогдсон байгаа.
-Ямар шалтгаанаар ийм олон хүнийг халах шийдвэр гаргасан гэж үзэж байна?
-Энэ бол улстөржсөн шийдвэр гэж бид үзэж байна. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд төрийн нэг ч албан хаагчаар оролдохгүй шүү гэж хэлж байсан. Гэтэл хүний амьдралыг хэдхэн секундэд шийдээд, тангараг өргөсөн төрийн албан хаагчдаар тоглолоо. Баянгол дүүргийн сонгогчид нь С.Эрдэнэ гишүүнийг эргүүлэн татах түр хороо байгуулсан юм билээ. Одоо 1000 гаруй иргэний гарын үсэг цуглуулаад явж байгаа юм байна лээ. Бид ч бас түр хороо байгуулсан. Хэрэв цаашид ингэж төрийн тангараг өргөсөн албан хаагчдыг хоморголон халаад байвал бид цаашид нэгдэж тэмцэж болох юм.
Саяхан бас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 40 гаруй хүнд ажлаас халагдах мэдэгдэл өгсөн байна лээ. С.Эрдэнэ сайдын гаргасан шийдвэртэй холбогдуулаад түр орлон гүйцэтгэгч н.Чойноров гэдэг хүн өөрийн эрх мэдлийн хүрээнд энэ хүмүүсийг ажлаас халахаа мэдэгдсэн гэж байна.
-Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?
-Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчид учраас улстөржмөөргүй байна. Энэ сарын 10-нд халагдах тушаал гарсны дараа 12-нд хэвлэлийн бага хурал хийсэн. Гаргасан тушаалаа эргэж харна уу гэж С.Эрдэнэ сайдад бичиг хүргүүлсэн. Дараа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Өргөдлийн байнгын хороонд хандсан байгаа. Мөн төрийн албаны зөвлөлд хандсан. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсгэсэн. Асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөв шийдэх байх гэж найдаж байна.
-Та бүхэн С.Эрдэнэ сайдтай биечлэн уулзсан уу?
-Бидэнтэй уулзахгүй байна. С.Эрдэнэ сайдтай уулзах нь бүү хэл бичиг өгөх гээд хоёр яамных нь үүдийг сахиад чадахгүй болохоороо бичиг хэрэгт нь үлдээсэн. Тэр бичгийг сайд авсан эсэхийг ч мэдэхгүй байна. Тиймээс шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэх өгөөд хэрэг үүсээд явж байна.
-Зарим газар тушаал нь эргэн сэргэсэн дарга нар ажлын өрөөндөө дайрч орсон гэж байсан. Та бүхэн ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа юу?
-Энэ хууль бус тушаалаар ажлаас халагдсан тангараг өргөсөн төрийн албан хаагчид эцсийн зөв шийдвэрээ гаргуулж байж ажлаа хүлээлгэж өгнө шүү дээ. Гэтэл Увс, Төв. Хэнтий аймаг болон Баянгол дүүрэгт тушаал нь сэргэсэн түр орлон гүйцэтгэгч нар хаалгыг нь эвдэж орсон байна лээ. Энэ бол төрийн өмч рүү хэн дуртай нь дайрч болдог, хаалга үүдийг нь эвдэж болдог гэсэн ойлголт өгч байгаа нь буруу зүйл юм. Уг нь асуудлыг зөв шийдээсэй гэсэндээ бид их намдуу зөөлөн хандаж байгаа. Гэвч биднийг тоож сонсохгүй төрийн албан хаагчдыг хоморголон халах байдал үргэлжлээд байвал бид нэгдэж тэмцэх болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
эд нарын оймсыг...
шулуухан огсон хахуулаа огсон хvнээсээ л нэх С.Эрдэнэд падгvй
Эрдэнэ хууль бус юм хийсэн бн. Гэхдээ АН түүнд хариуцлага тооцуулахгүй.
Erdeneed neg yum atgyylaaachdee.
Эрдэнэ бол алуурчин тэр зангаараа л ханддаг хүн үүнийг нь мэддэг хүмүүс хулчийгаад өөгшүүлсээр байгаад бүр давруулчихсан юм.
Ardin naminhan zailaach ee
Erdenee odoo bolihgui bol chamaar turiig ingej udaan samruulahgui shu. Nobshoo