sonin.mn

Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн дүн 17 хоногийн дараа гарна. Энэ удаагийн сонгууль шинэ сонгуулийн хуулиар явагдаж буйгаараа онцлог бөгөөд МАН, АН, ИЗНН болон олон жижиг намуудаас гадна МАХН-МҮАН эвсэл болон орж байгаа. Ус үзээгүй байж гутлаа тайлах уул үзээгүй байж хормойгоо шуух гэгчээр АН сонгуульд ялна гэсэн PR-ийг хамтарсан Засгаас гарсан цагаасаа хойш тасралтгүй явуулсаар буй. Хаана ч цамц угаана, хаана ч шал угаана гэдэг шиг тэд хаана ч тархи угаана гэж үзэж буй болтой. Гэхдээ хариуцлага үүрэх болохоор хаяад явчихдаг туйлбаргүй гэдэг нэр намынх нь дарга Н.Алтанхуягтай цуг хаяглагдах болоод удаж байгаа. “АН ялаад Засгийн эрх авахаараа гэж...”  нэр дэвшигчид нь орой бүр зурагтаар яриад өөрсдөө бүр түүндээ итгэчихдэг бололтой юм.

Ер нь АН-ын нэг том дутагдал бол сонгууль болгоны өмнө АН ялж байна, яллаа хэмээн тархи угааж ороод ялагддаг, үүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй явдал. Үүний хамгийн том илрэл нь 7 сарын 1. Ямар аймшигтай зүйлд хүргэснийг хүн бүр тод санаж байгаа. Ийм аймшигтай явдлыг Монголд ахиад хэзээ ч давтуулахгүйн тулд бүх нам хүчнүүд өнөөдрөөс эхэлж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. 7 сарын 1-ний хэргээс болж 5 гэмгүй иргэний амь нас үрэгдэж, олон аавын үрс хэлмэгдэв. Олон аав ээж, хань, үр хүүхэд өнчирч хоцров. Эцэстээ төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн хэдэн цагдаагийн нар л ял аваад өнгөрөв шив дээ. Тэднийг би өөрсдийнхөө үрс шиг залуусын өөдөөс бууд гэсэн тушаал өгсөн гэдэгт итгэдэггүй. Хэн эхлээд тушаал өгч, хэн буудсаныг тогтоох ёстой. Тэр хар машинтай хүмүүсийг олж тогтоох ёстой. Монголын төрийг тогтворгүй үед нь самрах гэсэн харийнхны төлөвлөгөө байсан ч юм билүү. Энэ бүхнийг эцэслэн тогтоогүй байж цагдаагийн хэдэн дарга нарт хүчээр шахуу ял өгч шорон руу илгээж байгаа нь дэндүү бусармаг явдал юм.

АН ялна гэсэн PR-таа өөрсдөө хэт итгэчихээд ялагдчихаад улайран бусдыг турхирдаг явдлаа л битгий гараасай. АН-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч МАН нам гүм байна. Харин судалгаагаар ялангуяа хөдөө орон нутагт МАН ялах нь бараг тодорхой болжээ. Саяхан зүүн аймгуудад ажилласан МАН-ын дарга С.Батболд, У.Хүрэлсүх нар ийн ам алдсан сурагтай. Тэдний хамгийн их сэтгэлийг зовоож байсан МАН, МАХН-ын ялгаа сүүлийн үед Н.Энхбаяртай холбогдсон шуугианаар бараг арилсан аж. Н.Энхбаярыг сайн таниагүй эргэлзэж байсан зарим нөхөд түүний тарыг бүрэн таньж хөдөө орон нутагт ч энэ талаар зөв ойлголттой болсон байна. Нийслэлд МАН-ын  хувьд бодит байдал арай өөр байгаа аж.

Гэхдээ газар дээр байдал өөр өөр байгаа гэнэ. Тухайлбал, Сонгиохайрхан дүүрэгт МАН улс төрд цоо шинэ хүмүүс болох Г.Тэнгэр, Ц.Түмэнгэрэл, Д.Сумьяабазар нарыг нэр дэвшүүлсэн. Нийслэлийн ИТХ-д Сонгиноос сууж байсан Д.Сумяабазарыг эс тооцвол нөгөө хоёр нь тус тойрогт цоо шинэ хүмүүс. Тус тойргоос нэр дэвшиж парламентад 4 жил суусан Д.Тэрбишдагвын рейтинг 13,5 хувьтай байгаа бол Г.Тэнгэр, Ц.Түмэнгэрэл, Д.Сумьяабазар нарын рейтинг 11,3 хувьтай байгаа нь ихээхэн найдлага төрүүлж байгаа аж. Нийслэлд АН-ын рейтнг МАН-ынхаас 0,5 хувиар өндөр байгаа бөгөөд МАН нийслэлд 50 хувь ялалт байгуулахад л УИХ-д олонхи болох магадлал маш өндөр байна.


Х.Ханбаа