sonin.mn
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дөтлөхгүй зэрэгцэн улстөрчдийн уярам нялуун үгс зүрх сэтгэлийг догдлуулахаас илүүтэй айдас болгоомжлол руу хөтлөх нь их боллоо. Өнгөрсөн 30 жилийн турш ердөө л нэр бүхий 200 орчим улстөрчийн унаж босох цикл дунд төрд итгэж нэг, уурлаж нэг санал хураалтын хайрцаг руу итгэл үнэмшлээ дугтуйлдаг байсан сонгогч олны тухайд өдгөө тэр бүх гоё сайхан үгс, гоё сайхан амлалтууд худал хуурмагийн төгс илэрхийлэл болохыг бага ч атугай анзаарахтайгаа болсон нь олзуурхууштай хэрэг. Гэхдээ зарим нэг хүний алдаа оноог дэнсэлж ялгах хүртлээ 30 жил Монгол төрийн сэнтийд залж, ургуулж бодсон улс төрийнх нь утсан хүүхэлдэй болж ирснийг бодохоор харамсахгүй байхын аргагүй.
 
Тэрхүү үл ханагч хийгээд үл цуцагч ашиглагч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тулгын гурван чулуу болох эрхэм дээд албан тушаалыг ээлж дараалан хашсан МАХН-ын дарга Н.Энхбаяр.
 
Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан цаг мөчөөсөө эхлэн улстөрч төдийгүй хувь хүнийхээ тухайд оймстой баривчилгаа, олон хоногийн өлсгөлөн, шүүхийн яллах тогтоол гээд зүрхшээж, бэрхшээмээр олон бартаа саадтай тулсан ч өнөөдрийг хүртэл унаж эсэн бол бууж өгсөн нь үгүй. Харамсалтай нь, энэ бүх цочмог зоригтой эсэргүүцэл болоод улс төр нь олны төлөө, Монголын төлөө гэхээс илүүтэй хувь улстөрчийнх нь өс хонзон, төрийн эрх мэдлийг эргүүлэн авах гэсэн хэзээ ч ханахгүй дур хүслээр нь өдөөгддөг нь нэгэнт ил болжээ. Тиймээс ч Н.Энхбаяр хэмээх хувь улстөрчийн гишгэсэн мөр, замнасан замналд нь бүрэн дүүрэн итгэх итгэл найдвар та бидэнд үлдээгүйн дээр Их өрийг тэглэсэн тухай 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн баярт мэдээ нь 2016 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр үгүйсгэгдсэн гэдгийг энд онцлох нь зөв биз ээ. 
Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд Ерөнхий сайдын албыг хашин хугацаандаа ОХУ-д төлөх ёстой их өрийг тэглэсэн гэдгээрээ өнөөдрийг хүртэл өөрийгөө сурталчлахын зэрэгцээ энэхүү гавьяаныхаа төлбөрт Монголын төрд ч, монголчуудад ч насаараа хүндлэгдэх эрхтэй хэмээн аархах нь бий. Гэтэл Монголын талаас ОХУ-руу 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шилжүүлж дуусгасан их өрийн төлбөр болох 250 сая ам.долларын гүйлгээ нь бүрэн дүүрэн эцсийн тооцоо байгаагүй гэдгийг ОХУ-ын Төрийн Дум 2016 оны нэгдүгээр сарын 22-ны баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд уг төсөлд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт их өрийн үлдэгдэл болох 174.2 сая ам.долларыг хугацаа хэтэрсэн байна хэмээн үзсэн бөгөөд уг өрийн 2.2 хувь болох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөхийг үүрэгдсэн байдаг. 
Харин энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүхий л цаг үед өөрийнхөөрөө үгүйсгэсээр байдаг бөгөөд тухайн үед ч “Их өрийг тэглэчихсэн. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг муулах, хийсэн юмыг нь үгүйсгэх гэж байгаа бол дэмий.
 
 
 
Н.Энхбаярыг энэ мэтээр муулж, шоронд хийж болно. Би үүнийг даваад гарчихна. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй” хэмээн булзааруулж байсан байдаг. Гэсэн ч “Их өр” нь Монголын дотоодын улс төр биш юм хойно хоёр орны харилцаа, ОХУ-ын Дум болон Засгийн газрын шахалтаар тухайн үед УИХ-аас тусгай тогтоол баталж, манай улсын Засгийн газар 30 хоногийн дотор яаралтай гүйлгээ хийх замаар жинхэнэ утгаараа өрийг тэглэсэн түүхтэй. 
 
 
 
Товчхондоо энэ бол  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үг үйлдлийн зөрүү болоод улс төрийн увайгүй тоглолт нь зөвхөн улс орон дотроо бус хил даваад ч ул мөр үлдээж байдгийн илэрхийлэл юм. 
Түүнчлэн энд дээрх мэдээлэлтэй холбон сөхөж бичих дараагийн өөр нэгэн сэдэв бол 2003 онд ОХУ-ын Засгийн газарт төлсөн 250 сая ам.долларынхаа 50 сая ам.долларыг нь “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Роберт Фрийдландаас босгосон үйл явдал. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг Роберт Фрийдландтай биечлэн холбогдсон гэдэг яриа улс төрийн хүрээнд байдаг бөгөөд тэр даруй 50 сая ам.долларын Засгийн газрын бондыг “Айвенхоу майнз” худалдан авсан. Гэхдээ энэ бондын санхүүжилт эерэг сөрөг алин болох ч Их өрийг хугаслахад тус дэм болсон юм гэхэд 2003-2004 онд шилжих тэр мөчид “Айвенхоу майнз” компанийн одоогийн Оюутолгойн орд газарт эзэмшиж байсан хайгуулын дөрвөн лиценз нь ашиглалтын лиценз болж өнгөө ч, үр дүнгээ ч хувиргах нь тэр. 
Өөрөөр хэлбэл, өдгөө Оюутолгойн орд газрын хайгуулын дөрвөн лицензийг 2000 онд “Би Эйч Би” компанийг шилжүүлж авсан “Айвенхоу майнз” компани Н.Энхбаярын Засгийн газрын бондыг 2003 онд худалдаж авсныхаа төлбөрт, хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгоод зогсохгүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах анхны алхмаа тавьсан нь энэ. 
Харин өдгөө “Айвенхон майнз” болоод “Рио Тинто” компанийн өмнө ирээдүйд олох ашиг орлогынх нь үүд хаалгыг бүрэн дүүрнээр нь нээж өгсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Оюутолгойн ордтой холбоотой бүх мэдээллээс өөрийгөө арилгаад зогсохгүй, шударга үнэний өөдөөс ганцаараа зогссон баатрын дүр бүтээхийг чухалчилж буй.Ингэхдээ тэрбээр үнэн түүхийг хувь хүн өөрийнхөө төлөө үгүйсгэж болох ч түүхийн хуудаснаас өөрийгөө устгаж болдоггүй гэдгийг мартсан бололтой юм.
 
 
 
Нэг ёсны Ерөнхий сайд асан Н.Энхбаяр өөрөө Роберт Фрийдланд руу утасдаж Засгийн газрын бондыг зарсан, үүнийх нь дараа “Айвенхоу майнз”-ын дөрвөн ширхэг хайгуулын лиценз ашиглалтын лиценз болж хувирсан уу хувирсан. Үнэн гэвэл ердөө л энэ. 
 
 
 
Гэсэн ч өдгөө тэрбээр энэ бүхнийгээ үгүйсгээд зогсохгүй “МАХН, МУНН, ИЗ-НН-ын хамтарсан “Та бидний эвсэл” хэрэв УИХ-ын сонгуульд ялчихвал Оюутолгойн ордоос иргэн бүрт 650 грамм алт хуваарилах боломжтой болно” хэмээн өнгөрсөн долоо хоногт дахин нэг гайхмаар сонин амлалтыг ард түмэндээ өгөх нь тэр. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үгээр сийрүүлбэл “Оюутолгойн зэсийг ярихаа байя гэхэд зөвхөн алтыг нь ярихад хоёр мянган тонн буюу хоёр кг алт байна. Тэр хоёр сая кг алтыг Монголынхоо иргэдэд хуваарилах юм бол нэг хүнд 650 грамм алт оногдоно. Ийм баялаг байхад ард түмэн үүнээс авч чадахгүй эсрэгээрээ цөөхөн хэдэн баячууд л бий болоод байна. Иймд энэ бол баячуудын эсрэг хийж байгаа хувьсгалт тэмцэл юм. Алтыг ард түмэндээ өгнө” гэсэн юм. Эндээс харахад тэрбээр Оюутолгойн хайгуулын лицензийг ашиглалтын лицензээр сольж өгсөн үнэн түүхээ мартагнуулахын тулд сонгогчдод алт амлаж эхэлсэн нь энэ байж болох. Үүгээр ч зогсохгүй “Их өрийг тэглэсэн” гэдэг хууран мэхлэлтийнхээ нэгэн адил Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эсрэг хийж буй шударга тэмцлийнхээ үр дүнд ард нийтдээ алт тараана хэмээн дахин нэг сонгуулийн луйвар булхай хийхээр шуударсан байж ч болох. Учир нь, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүнийг таньж мэдээгүйн дээр түүний тухай Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран бутархай жаран хагархай” номонд “Н.Энхбаяр хүнд итгэдэггүй. Бүр өөртөө ч итгэдэггүй” гэдэг үг өдөр ирэх бүрт та бидэнд нотлогдсоор  буйг ирэх өдрүүдэд ч анзаарч бодоход гэмгүй биз ээ.