
Өнөөдөр зарим хүний нүдэнд хэрэггүй өндөр бетон шиг харагдаад байгаа Сэлбэ голын үерийн даланг зүгээр л 2023 оны долоодугаар сарын үерээс хойш баръя гээд л барьчихаагүй гэдгийг та мэдэх үү. Тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарын шийдвэрээр уг даланг барих зураг төслийг боловсруулж байжээ. Захирамж, тогтоолын дугаарыг баримтаар бичвэл, Монгол Улсын Ерөнхий Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамж, Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засаг, Хөгжлийн сайдын А/23 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/492 дугаартай захирамж, Барилга, Хот Байгуулалтын Сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтран баталсан 2023/09 дугаартай "Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд өнөөдрийн Сэлбийн даланг барьсан аж.
“Сэлбэ сэргэлт” төсөл бол Улаанбаатар хотод 1966 онд болж байсан 100 жилд нэг удаа давтагдах аймшигт үерээс сэргийлэх зорилгоор хийгдсэн далан, зам гүүрийн байгууламж, тохижилтын ажлыг иж бүрнээр төлөвлөсөн Монгол Улсдаа ч урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хэмжээний төсөл байсан юм. Хамгийн гол нь төслийн зураг төслийг Монгол Улсын тэргүүлэх зөвлөх зэрэгтэй инженер, архитекторууд буюу хэд хэдэн мэргэжлийн судалгааны байгууллага багаар хамтран гаргасан, Сэлбэ орчимд амьдардаг иргэдээс бүрэн хэмжээний судалгаа авсны үндсэн дээр хийгдсэн гэдгээрээ онцлог. Энэ ажлын явцыг тээр тэнд Нисэхэд амьдарч байгаа иргэн мэдэхгүй байж болох ч Сэлбэ орчимд амьдардаг иргэд мэдэж л байх учиртай. “Сэлбэ сэргэлт” төслийн ерөнхий гүйцэтгэгч, ТЭЗҮ, тохижилтын ажлыг зургийг Хот төлөвлөлт, судалгааний институт гүйцэтгэж, усны барилга байгууламжийн зураг төслийг “Престиж инженеринг” ХХК, зам, гүүрийн байгууламжийн зураг төслийг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Би Жи Эм Дистрибьюшн” ХХК, инженер геологийн зураг төслийг “Сойл трейд” ХХК болон “Инжгеотех” ХХК, байр зүйн зураг төслийг “Кадсүрвэй” ХХК хийж гүйцэтгэж байжээ.
“Шороо овоолж далан босгоод ямар ч үр дүнд хүрэхгүй”
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийгдэх хамгийн эхний ажил нь Сэлбийн үерийн хамгаалалтын далан байгууламж юм. Яагаад бусад далан байгууламжаас өөр харагдаад байна вэ гэхээр энэ даланг 100 жилд нэг удаа тохиолдох их хэмжээний үерээс хамгаалж, газрын гүнд болон дээшээ өндөр түшиц ханатайгаар, инженерийн нарийн төлөвлөлтөөр барьсан. Монголдоо, Улаанбаатартаа шинэлэг учраас зарим хүмүүст сонин байж болох л доо. 1966 онд нэг өдрийн дотор 100 метр тунадас унаж, жилийн тунадасны дундаж хэмжээний гуравны нэг нь ганцхан өдөрт орсон гэдэг. Авто зам, төмөр зам, гүүрүүд, цахилгаан холбоо тасарч, 12 мянга гаруй өрх үерт өртсөн. Хоёрхон цагийн дотор Сэлбэ, Туул, Улиастайн гол орчмын айл өрхүүд үерт бүрэн автаж одоогийн Яармаг, Нарангийн энгэрт шинэ суурьшлын бүс үүсгэн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Үерийн сэргээн босголтын ажилд асар их хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулсан. 100 жилд нэг удаа болсон 1966 оны үерээс хойш өнөөдөр 59 жил өнгөрөөд байна. Дараагийн давтамж ирэх 50 жилд хэзээ мөдгүй, магад хэдэн жилийн дараа ч болохыг үгүйсгэхгүй гэдгийг ус цаг уурын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймээс л энэ давагдашгүй гамшгаас сэргийлж нийт 41.6 км урт үеийн хамгаалалтын барилга байгууламж, үүн дотроо 37.6 км төмөр бетон түшиц хана, 3.9 км угсармал төмөр бетон хавтантай шороон далан барихаар зураг төслийг боловсруулсан. Мэдээж зам, гүүрийн байгууламж, тохижилтын ажилтай хавсраад ирэхээр одоогийн үзэмж шигээ харагдахгүйн лав.
Улаанбаатар хотын хэмжээнд болсон үерийн циклийг 1966 оноос хойш аваад үзвэл, 1967, 1982, 1992, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2012, 2016, 2018, 2021, 2023 он гээд маш ойрхон давтамжтай болж байна. Эдгээр үерээс хамаагүй их хохиролтой 100 жилд нэг тохиох үерээс маш яаралтай сэргийлж, Сэлбийн шинэ далан шиг олон даланг үргэлжлүүлэн барих бүр зайлшгүй шаардлага бидэнд байна. Шороо овоолж далан босгоод ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг энэ олон жилийн үерээс бид хангалттай харж, үзсэн шүү дээ.
Сэтгэгдэл2
Дэлхийд байхгүй далан хот дотороо босгож байдаг мангуунууд
сөүлийн хот доторх гол дагасан далангууд гол нь доошоо суусан далан нь доор байдаг нь ямар учиртай юм бол оо дан тийм байдаг .голын голдрилоо ухсан юм бол уу