sonin.mn
Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Намын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг түүхэн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАНТАЙ ярилцлаа. 
 
-Монгол Ардын Нам 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалж, бүтэн зууны хөгжил, цэцэглэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, гол ачааг үүрч ирснийг Монгол Ардын Намын 100 жилийн түүх гэрчилнэ. Харин ирээдүйн зорилгоо “Тусгаар тогтнол, хөгжлийн зуун” гэж томьёолжээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
 
-Монгол Улс гадаад гүрнүүдийн шахалт хавчлаган дор улс үндэстнийхээ тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 онд МАН үүсэн байгуулагдаж байсан. МАН байгуулагдсан цагаасаа эхлэн улс Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн эх орончдын тэмцлийг удирдан манлайлж ирсэн түүхтэй. Тийм ч учраас МАН-ын 100 жилийн түүх бол зөвхөн Монгол Ардын Нам, Монгол ардын намын гишүүдийн түүх төдийгүй Монголын ард түмний түүх, түүхэн баяр юм.
1990 оноос эхэлсэн ардчиллын үйл явц хөгжил, төлөвшилд улс төрийн ууган хүчин МАН-ын үүрэг оролцоо, нөлөө ихтэй явж ирлээ. Намын манлайлал төлөвшилт нь улс төрийн үйл явц, ардчилал бэхжих үйл явцаас ангид байдаггүй тул Монголын ардчиллын үр дүнд улс төрийн ууган хүчин МАН-ын оруулсан үүрэг, хувь нэмэр их ээ. 
Ардчилсан улс оронд намууд хөгжлийн бодлогыг боловсруулж ард түмэндээ танилцуулж сонгуульд өрсөлддөг. Хөгжлийн бодлого нь тогтвортой бөгөөд тодорхой байдаг. Улс төрийн аль нам гарч ирснээс үл хамаарч бодлого нь хэрэгжээд явж байдаг. Манай улс төрийн тогтолцоонд төрийн бодлого, хөтөлбөр засгийн газар солигдохоор дагаж өөрчлөгдөж ирсэн нь улс төрийн намуудын хувьд тогтвортой цогц бодлогогүй явж ирсэн алдаа, сургамж авах ёстой зүйл маань байлаа. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраас өргөн барьж УИХ-аар батлууллаа. Сүүлийн 30 жилд анх удаа урт хугацааны цогц бодлого боловсруулж, ирээдүйн 30 жилийнхээ төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан үйл явдал болсон. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого нь Монгол Улсын хөгжлийн стратеги гэж хэлж болно. Үүнийг ямар ч нам, улс төрийн хүчин, ямар ч дарга, сайд байсан мөрдөж, хэрэгжүүлдэг байх нь өөрөө улс орны тогтвортой хөгжилд түлхэц өгөх хүчин зүйл болно. 
 
-Улс төрийн олон намын систем дэх үзэл баримтлалуудын ялгаа улам бүр хумигдаж, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд ижилссээр байна. МАН социал демократ чиг баримжаагаа тууштай зарладаг ч энэ нь нийгмийн халамжийн амлалтаар солигдож намууд амлалтаараа уралддаг, бас сонгогчдын саналыг авч байгаа тохиолдолд цаашид намуудын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөн жинхэнэ сонгодог утгаараа төлөвшиж чадах уу?
 
-Улс төрийн намуудын гол үзэл баримтлалуудын ялгаа багасч, ижилсэх хандлага нэг хэсэг ажиглагдсан боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралын улмаас дэлхий дахинд хямралыг даван туулах, өрсөлдөх чадвар, амьдралын чанарт гарсан эрс тэс зааг ялгааг арилгах үзэл баримтлалд бодлогын ялгаа өөр өөр байх тухай онол арга зүйн маргаан мэтгэлцээн хүчтэй өрнөж байна.
Дэлхий дахинд ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал гүнзгийрч байгаагийн улмаас популизм газар авч ардчиллын суурь үзүүлэлтүүд унасаар байна. Үүний үндсэн гол шалтгаан бол ХХ зуунд дэлхийн санхүү эдийн засгийн бодлогыг тодорхойлж ирсэн неолиберализмын сөрөг үр дагавар юм гэдэгтэй олон эрдэмтэд санал нэгддэг. Ялангуяа дэлхийг хамарсан “COVID-19” цар тахал улс орнуудын нийгэм эдийн засгийн суурь үзэл баримтлалын ялгааг тод харуулж, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүллээ. Энэ нөхцөлд хямралыг амжилттай даван туулж буй улс орнуудын үзэл баримтлал, тогтолцоо ямар байх вэ? гэдэг асуудал анхаарал татаж байна. Эндээс харвал нийгмийн хамгааллын үзэл баримтлал бүхий эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсийг бүхий л салбартаа амжилттай хэрэгжүүлсэн бүс нутгууд эдийн засгийн болон цар тахлын хямралыг хамгийн амжилттай даван туулж байна. Эдгээр бүс нутаг нь зүүн төвийн социал демократ үзэл баримтлал бүхий намууд засгийн эрх барьж ирсэн ХБНГУ, Шинэ Зеланд болон Швед, Финланд, Дани, Норвеги зэрэг Скандинавын орнууд юм. Эдгээр орнуудад орлогын шаталсан татварын тогтолцоогоор нийгмийн хамгааллын бодлогыг өндөр түвшинд явуулж чадахуйц хуримтлалыг бий болгож бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй зохицуулалт хийдэг тул нийгмийн тэгш бус байдал, орлогын ядуурлын түвшин хамгийн бага байдаг. 
Монгол Улсын хувьд иргэдийн дунд явуулсан судалгаагаар эрүүл мэнд, боловсролын салбаруудад зүүн төвийн чиг баримжаа бүхий нийгмийн хамгааллын бодлогыг түлхүү хэрэгжүүлээсэй гэсэн хүлээлт их өндөр байдаг. Нөгөө талаар нийгэмд баян хоосны ялгаа гүнзгийрч, тэгш бус байдал газар авч байна. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас бий болсон тэгш бус байдлыг арилгахын тулд дундаж давхрааг дэмжих, орлогын ялгааг багасгах зорилт бүхий зүүн төвийн социал демократ бодлого явуулах бодит шаардлагыг ухамсарлаж 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд бодлогоо тууштай, хариуцлагатай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.
 
-МАН парламентын хоёр сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулсны нууц юу вэ. Улс төрийн ууган хүчний улс төрийн энэ амжилт, МАН байгуулагдсан 100 жилийн түүхэн ойг тэмдэглэж буй өдрүүдэд улс төрийн шинэ залуу нам хүчнийхэнд сонсгох ёстой сургамж, туршлага юу байна вэ?
 
-МАН УИХ болон орон нутгийн сонгуульд шинжлэх ухааны үндэстэй, судалгаан дээр суурилсан бодлогыг гаргаж оролцсоноороо ялалт байгуулах хамгийн гол үндэс болсон гэж үзэж байна. Ард иргэд маань ямар асуудлыг хэрхэн, ямар хугацаанд үр дүнтэй шийдээсэй гэж хүсэж байна вэ, ямар хүнийг нэр дэвшээсэй гэсэн хүлээлттэй байна вэ, ямар байдлаар сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулбал ард иргэд дэмжих вэ гэдэг дээр МАН ул суурьтай судалгаа хийж ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН хөрөнгө мөнгөөр биш, хөгжлийн бодлогоор өрсөлдөх зарчмыг дэвшүүлж, нэр дэвшигчдээ ард олны хүлээлтийн дагуу нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай байх шалгуураар тодруулсан. Үүний үр дүн ч гарлаа. Ард иргэд, сонгогчид маань анх удаа Монгол Ардын Намд дараалан Засгийн эрх барих боломжийг олгосон нь улс орныхоо хөгжлийг урагшлуулах томоохон боломж, нөгөө талаас өндөр хариуцлага  гэж үзэж байна. 
Ер нь бол цаашдаа бүхий л улс төрийн намууд бодлогоор өрсөлддөг, ард түмнээ сайн сонсдог байх ёстой. Тэгж гэмээнэ гаргасан улс төрийн бодлого, хөтөлбөр нь ард иргэдийнхээ хүсэл сонирхол, эрэлтэд нийцсэн, улс орондоо хөгжил авчрах тогтвортой бодлогын үндэс байх болно гэдгийг бусад намууддаа хэлмээр байна. 
 
-Сонгуулийн ялалтын дараа эрх баригч намын жинхэнэ ялалт юу вэ? Тухайлбал, МАН эрх барьсан сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт гаргасан ямар үр дүнг Та МАН сонгуульд ялсны гавьяа хэмээн онцлохыг хүсэж байна вэ? 
 
-Монголын ард түмэн, иргэд сонгогчид маань 2016, 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиудад МАН-д итгэл хүлээлгэж, дэмжлэг үзүүлсэн. Ер нь хүнд хэцүү үед ард түмэн маань МАН-даа итгэл хүлээлгэж төрийн жолоог атгуулж ирсэн түүхтэй. МАН 2016 оны сонгуулийн дараа маш хүнд эдийн засагтай улс орныг хүлээж авсан. Ийм нөхцөлд МАН-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 6.9 хувиар өсгөж, олон жил улс төржин гацсан Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 414 км, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхлэв. “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолой”–н томоохон төслийг эхлүүллээ. 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд ноёрхсон улс төр, эдийн засгийн бүлэглэлийн булхайг илчилж, Эрдэнэт, Таван толгой, Монголросцветмет, Багануур зэрэг хууль бусаар алдагдсан нийгмийн баялгаа төрийн мэдэлд эргүүлэн авч, ард иргэддээ үр ашиг өгөхөөр ашигтай ажиллуулж эхлэв.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, хариуцлагатай, тогтвортой засаглал, хөгжлийн бодлого залгамж чанартай байх суурь тавигдлаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” батлан хэрэгжүүлж эхлэв. 
Ирэх он жилүүдэд  шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг өрх гэр, иргэн бүрт бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. 
 
 
 
Монгол Улс газрын баялаг, нэг хүнд ногдох газар нутаг болон малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч өнөөдрийг хүртэл гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд амьдарч байна. Иймд 2020-2024 оны МАН-ын мөрийн хөтөлбөртөө “Амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээх суурь үзэл баримтлалыг дэвшүүлж, нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьсан. 
 
 
 
Энэхүү зорилтдоо хүрэх бодлогыг манай намын Засгийн газар хэрэгжүүлж байна. Мөн дэлхий нийтийг хямарсан “Ковид-19” цар тахлын хүндрэлийг даван туулах, энэ хямралаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралыг богино хугацаанд арилгах томоохон сорилт 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн МАН-ын Засгийн газарт тулгарч байна. Тулж ирсэн бэрхшээлийг хохирол багатай даван туулж, аюулт өвчнөөс ард иргэдээ хамгаалан, хөгжлийн бодлогын сууриа зөв тавьж зогсолтгүй ажиллан үр дүнг нийгмээрээ хүртэх нь МАН-ын сонгуульд ялсны гавьяа болох юм.
 
-Гишүүн төвтэй нам байх тухай ярьж байна. Хүмүүс хоорондын харилцаа хүртэл дижитал ертөнцөд шилжиж байгаа энэ цаг үед улс төрийн нам хэрхэн гишүүндээ төвлөрөх билээ. Энэ зорилт хэрэгжих үү?
 
- ”Гишүүн төвтэй нам” болох нь МАН-д хийгдэж буй дотоод ардчиллыг бий болгох шинэчлэлийн нэг зорилго юм.  Намын гишүүдийн тоо болон чанарыг нэмэгдүүлэх, гишүүн бүртэй байнгын харилцаатай байх зорилгоор намын анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг хийсэн. Гишүүдийн тоог нэмээд зогсохгүй намын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэд сонгогчдын өргөн давхрааг төлөөлөх, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалах, иргэдэд ойр болгох зорилгоор намын анхан шатны бүтцийн өөрчлөлтийг хийж байна. 
 
 
 
Энэ өөрчлөлтийн дагуу намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилж байгаа  Ингэснээр МАН “Гишүүн төвтэй нам” болж намын бодлого, шийдвэр гаргахад намын гишүүд, анхан шатны байгууллагын дуу хоолой, санал бодол онцгой үүрэгтэй болж намын дотоод ардчиллын зарчмууд жинхэнэ утгаар хэрэгжих юм. 
 
 
 
Энэ шинэчлэл дижитал хөгжлөөс мөн хоцрохгүй.Бид намдаа, үйл ажиллагаанд нь цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр манай нам иргэд, сонгогчдын санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, гишүүд дэмжигчдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, хүний нөөцийн үйл ажиллагааг цахимаар гүйцэтгэх, бүх төрлийн бүртгэл, тайлан мэдээг цахимжуулах, сонгуулийн болон сонгуулийн бус үед намын бүх үйл ажиллагааг хурдтай, бүх гишүүдэд нэгэн зэрэг хүргэх давуу талтай болж байгаа юм. 
 
-100 настай МАН гэхээр улс төр сонирхдоггүй залууст хүртэл зөвхөн ахмадууд л байдаг нам шиг ойлгогдож магадгүй. Ингэхэд танай намын гишүүдийн дундаж нас хэд вэ. Шинэ үеэ, шинэ манлайлагчдаа бэлтгэх МАН-ын боловсон хүчний бодлого юу вэ?   
 
-Сүүлийн жилүүдэд МАН-ын гишүүнчлэл харьцангуй залуужиж байна. Өнөөдөр МАН-ын гишүүдийн дундаж нас 33 байна. 100 настай нам хэдийгээр улс төрийн ууган хүчин, ахмад нам ч гэлээ ирээдүйн 100 жилээ бусдаасаа илүү залуу, илүү дэвшилттэй, илүү хариуцлагатай улс төрийн хүчин байх үндэс суурь нь хүний нөөцөөрөө, дэмжигч гишүүдээрээ хэдүйн тавигджээ гэж харж байна. 
Нам бол улс орны хөгжлийн бодлогыг боловсруулагч гол институт учраас намд мэдлэг боловсролтой боловсон хүчний хангалттай нөөц байх учиртай юм. Тиймээс намын гишүүдээ чадавхижуулах, сургаж бэлтгэсэн хүмүүсээ намын ажилд татан оролцуулах, ажил албанд томилох, шударга өрсөлдөөний зарчмаар намын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудыг сэлбэн шинэчилж байх нь манай намын хүний нөөцийн уламжлалт бодлого болж байна. Энэ бодлогыг намын дэргэдэх Стратеги академи, Улс төрийн боловсролын институтээр дамжуулан гадаад, дотоодын их дээд сургуульд магистр, докторын түвшинд гишүүдээ сургалтад үе шаттай хамруулахаас гадна үндэсний болон орон нутгийн түвшинд манлайлагчдыг сонгох бэлтгэх ажлыг хэрэгжүүлж байна.
 
-Энэ онцгой түүхэн ойг тэмдэглэх үед Та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Таны улс төрийн ажил амьдралд ямар шинэ түүхийг эхлүүлж байна гэж Та үзэж байна вэ? 
 
-МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг үед намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа маань миний хувьд их хувь зохиол, өндөр хариуцлага, бас намын гишүүдийн маань өгсөн өндөр итгэл юм. Би МАН-ын өөрийнхөө удирдаж байгаа ажлын энэ аппаратад 12 жилийн өмнө анх орж ирж байсан. Хэлтсийн даргаас ажлын гараагаа эхэлж байлаа. Улс төрийн гараа гэх юм бол бүр анхан шатнаас, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар үүрийн дарга гэдэг ажлаас намын ажлыг эхэлсэн хүн. 2016 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд намаа олон түмэнд нээлттэй, цахим, бодлогын нам болгох томоохон шинэчлэлүүдийг намын дарга У.Хүрэлсүхийн бодлого, чиглэл, удирдлагын дор хамт эхлүүлэн ажиллаж байна. Цаашдаа намын шинэчлэлийг ард түмэн алга ташин хүлээж автал үргэлжлүүлэн ажиллах болно. 
100 жилийн түүхтэй улс төрийн намын хувьд түүхт ойгоороо засгийн эрхийг барьж, өмнөө тавьсан том зорилго, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.
 
 
 
Улс төр тогтвортой, улс төрийн нам тэр дундаа төрийн эрх барьж байгаа улс төрийн нам тогтвортой, зөв бодлого явуулж чадвал улс орон, хүн ардад үр дүн нь хэрхэн мэдрэгдэж, ямар хэмжээний хөгжил дэвшил авчирч болдог юм бэ гэдгийг бид харуулах учиртай. 
 
 
 
-Танд баярлалаа, улс төрийн цаашдын үйл ажиллагаанд тань өндөр амжилт хүсье. 
 
-Танд баярлалаа. Та бүхэндээ улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргэе!