“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нар банкны хэргээс мултарч чадлаа. “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт холбогдсон том дарга нар нэг нэгээрээ сугарч үлдсээр салбарын захирлуудаас өөр ял үүрэх буруутан үлдсэнгүй. Өнгөрсөн баасан гарагт “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарыг шүүх хурал боллоо. Шүүх хурлыг шүүгч И.Ганбат даргалж, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгч оролцсон.
Чингэлтэй дүүргийн шүүхэд 14:00 цагт эхэлсэн шүүх хурал хаалттай явагдсан боловч шүүх бүрэлдэхүүн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 буюу банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т зааснаар хуурамч баримт бичиг ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, энэ хэргийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Уг нь эл хэргийн зүйлчлэл нууцын зэрэглэлд хамаарахгүй. Гэсэн ч шүүгчид шүүх хурлыг хаалттай хэлэлцэж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ч мөн л хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тухайн үед хэрэгт дахин шинжээч томилох, уг хэрэгт холбогдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай эсэхийг шалгах, компанийн хөрөнгийг дансандаа байршуулсан нь зөв эсэхийг Монголбанкаар гаргуулах зэрэг асуудлыг шалгах шаардлагатай гэж үзсэн юм.
Дампуурлаа зарлаад гурав дахь жилтэйгээ золгож буй “Зоос” банкны хэрэгт эцэстээ дарга нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж байсан салбарын захирлууд буруудаж үлдэх нь бололтой. Тус банкны дампуурлын гол шалтгааныг чанаргүй зээл их хэмжээгээр гаргаснаас болсон гэдэг. Товчхондоо “Зоос” банк дампуурснаас харилцагчдад 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Гэтэл банк дампууруулсан гэх хэрэгт тунаж үлдээд байгаа Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нар дур мэдэн энэ их мөнгийг үрэн таран хийнэ гэж байхгүй. Анхандаа энэ хэрэгт “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгаж байв. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Х.Пүрэвсүрэн, Д.Батбаяр, Л.Пүрэвдорж нар сугарч үлдсэн. Ингэснээр Ш.Чуданжий, Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарын хэргийг хоёр салгаж шүүж эхэлсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ш.Чуданжийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд нам гүмхэн болж, зургаан жилийн ял оноосон. Гэсэн ч Ш.Чуданжийг 18 нас хүрээгүй хүүхэдтэй хэмээн биеэр эдлэх ялыг нь Өршөөлийн хуульд хамруулж, 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үндсэндээ Ж.Чуданжийг Л.Пүрэвдорж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн нартай хамт нэг хэрэг болгон шалгаж байсан ч хамаг бурууг нь Ш.Чуданжийд тохсон гэлцэж байв. Гэтэл банк дампууруулсан хэрэгт хамт сэжиглэгдэж байсан томчууд нь Ш.Чуданжийг ч ялаас мулталж авч чадлаа. Нууцаар шахам хийсэн шүүх хурлаас Ш.Чуданжий 1.6 тэрбум төгрөг хохирогчдод төлөх болсон.
Мэдээж 1.6 тэрбум төгрөгийг Ш.Чуданжий ганцаараа төлнө гэдэг бүтэшгүй зүйл. Иймээс хамт сэжиглэгдэж байсан дарга нар нь Ш.Чуданжийтай тохиролцсон байх гэсэн хардлага нийгэмд үүсээд буй. Өөрөөр хэлбэл Ш.Чуданжийд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болговол хэн ч итгэхгүй. Харин Л.Пүрэвдорж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн нарыг хэрэгт холбогдолгүй гэвэл нэг их маргаан гараад байхгүй. Иймээс л Ш.Чуданжийг ганцаараа буруутай мэтээр шүүх хуралд оруулж, эцэст нь ялаас мултарсан бололтой.
Ш.Чуданжийн хувьд ганцаараа ял үүрсэн, дарга нартайгаа хамт ял үүрсэн аль ч нь ялгаагүй. Тэртэй тэргүй банкны гүйцэтгэх захирал байсан гэдэг утгаараа заавал буруудна. Энэ утгаараа Ш.Чуданжийд одоогийн сонголт нь илүү ашигтай байсан гэлцэх юм билээ. Хэрэв энэ хардлага үнэн бол Ш.Чуданжийн төлөх ёстой 1.6 тэрбум төгрөгийг бүгд нийлж төлөх нь гарцаагүй.
Гол буруутан гэж тооцогдож байсан Ш.Чуданжий ингэж ялаас мултарснаар “Зоос” банкийг 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нар дампууруулсан болж таараад байна. Үндсэндээ тэд “Зоос” банкнаас их хэмжээний найдваргүй зээл гаргасан, харилцагчдад 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тунаж үлдээд байна. “Зоос” банкны дампуурлын хэрэгт Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нараас өөр ял үүрэх буруутан үлдсэнгүй.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
huurhun ulger baina