
ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /DW/. АНУ, Оросын төлөөлөгчдийн ээлжит уулзалт Туркийн Истанбул хотод өчигдөр боллоо. Уулзалтын үеэр талууд дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн болгох асуудлыг хэлэлцжээ.
Америкийн тал Москва дахь Элчин сайдын яаманд орон нутгийн ажилтнуудыг ажиллуулахыг Оросын тал хориглосонд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн тухай Төрийн департаментын хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Уг мэдээлэлд дурдсанаар, орон нутгийн ажилтнуудыг ажилд авахыг хориглосон нь “Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд тогтвортой, найдвартай ажиллах хүмүүсийг ажилд авахад гол саад болж байна". Төлөөлөгчид мөн АНУ, ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газруудад банкны үйлчилгээ үзүүлэх асуудлаар ноот бичиг солилцсоны сацуу ойрын үед дахин уулзалт зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Уулзалтыг зохион байгуулах газар, хугацаа болон улс орнуудыг ямар албан тушаалтан төлөөлөн оролцох талаар дараа нь тохиролцох ажээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, уулзалтын зорилго нь дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн болгох, хуримтлагдсан “асуудлуудыг” арилгахад чиглэсэн гэжээ.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Оросын тал АНУ-ын эрх баригчдын хураан авсан ОХУ-д хамаарах дипломат байгууллагын 6 өмч хөрөнгийг эргүүлэн авах асуудлыг хөндөж, үүнтэй холбогдуулан “замын зураг” боловсруулахаар тохиролцсон байна. “Бид дипломат байгууллагын өмчийг эргүүлэн авах асуудлыг эн тэргүүнд тавьж байна” гэж ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Вашингтонд суугаа Элчин сайд Александр Дарчиев хэлжээ. Хоёр талын зөвлөлдөх уулзалтыг Истанбул хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газарт хаалттай хийжээ. Америкийн төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евроазийн асуудал хариуцсан туслахын орлогч Соната Култер тэргүүлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
АНУ ОХУ нэгдэж өмхий хятадыг нухчин дараасай
Баадан зөв зүйл хийсэн. Гатнуул Трамп яах гээд байна
Баадан гуай чинь асрагч Харрисаа дагуулаад асрамжийн газартаа очсоон, одоо бүүр байнга хий юмтай гар барьж ярилцдаг болсон байна лээ, ккк