sonin.mn
Ээлжит сонгуулийн сургаар горилогчдоосоо 100 сая төгрөг хурааж эхэлсэн АН-ыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ  нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 100 сая төгрөг хурааж байгаа нь ямар үндэслэлтэй  болох,  уг мөнгөний эх үүсвэр зэргийг тодруулах ажиллагаа явуулж байгаа юм  байна. 
Шалгалтын  хүрээнд өнөөдрийн байдлаар АН-ын ҮБХ-ны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.   АН-ын 100 сая төгрөгтэй холбоотой гомдол мэдээлэл хэнээс очсон, үүний дагуу шалгалт явуулж байгаа эсэх талаар  АТГ-аас тодруулахад “ АН-ыг сонгуулийн дэнчингийн 100 сая төгрөгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн нь үнэн” гэлээ.  
Харин  мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэний  гомдлоор, хуулийн ямар үндэслэлээр  шалгаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч хууль хяналтынханд ийнхүү гомдол очсон нь АН-ын өөрийнх нь гишүүдтэй холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвших хүсэлтэй хүмүүст  их мөнгөний босго тогтоож, 100 саяыг төлөхийг шаардсан, чадахгүй бол цаашаа хэмээн түлхсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Улмаар АН-ын даргын зүгээс энэхүү 100 сая төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэн, хоёр  дахь шатны гэрээ  гэх нэрийдлээр 300-400 саяыг нэмж тушаах шаардлага тавьсан нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм. 
Тийм ч учраас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, хууль хяналтын байгууллагад  шалгуулахаа мэдэгдэж байсан нь ийнхүү бодит ажил болсон бололтой.  Энэ тухайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж “УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Доод хязгаарыг тогтоогоогүй. Хүн сонгогдох эрхийнхээ хүрээнд ямар ч зардлаар сонгуульд өрсөлдөж болно. Харамсалтай нь АН  эхлээд  дэнчингийн 100 сая төгрөгийн доод хязгаар тогтоосон.  Ингээд нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд 100 саяыг төлсөн  хүмүүст дахиад мөнгөний босго тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан сонгуулийн зардлын дээд хязгаарын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тушаах гэрээг горилогчидтой хийж эхэлсэн. 
Үүний цаад шалтгааныг харахад шууд утгаараа санхүүгийн ялгаварлан гадуурхалт яваад байгаа юм шүү дээ.  Нөгөөтэйгүүр энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл ажиллагаа. Сонгуулийн  зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй. Тийм ч учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэчихсэн, хуулийнхан шалгаж байгаа юм билээ.  Миний бие энэ асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас   дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна“ гэлээ. 
Ямартай ч төр наймаалцах ажиллагаа ил тодоор явуулж байгаа нь  олон хуулийг илтэд зөрчсөн үйлдэл боллоо хэмээн хуульчид дүгнэж, улс төрчид толгой сэгсэрч байсан нь оргүй  болох нь ийнхүү тодорхой боллоо.
 
 
 
АТГ-ынхан АН-ын хурааж буй  100 саятай холбоотойгоор шалгалт явуулж эхэлсэн нь тус намд томоохон эрсдэл үүсгэх  магадлалтай болов. Учир нь сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй атал  тогтоосон төдийгүй нэр дэвшигчид хандив цуглуулж эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад 100 саяыг хандиваар цугуулан намдаа тушаасан хэмээн мэдээлж эхэлсэн зэрэг нь хууль зөрчсөнө нийтэд ил тод зарласнаас гадна өөрийгөө барьж өгөхүйц үйлдэл болсон бололтой. Хамгий ноцтой хуулийн дээрх заалтыг зөрсөн учраас эхний ээлжид СЕХ-ноос нэр дэвшигчийн батламж гардуулахдаа АН-ынхгыг хасах магадлал улам өндөр болов. 
 
 
 
АН-ын нэр дэвшигчдэд батламж гардуулахгүй байх  ганцхан үндэслэл нь  хуулийн хугацаанаас өмнө бусдаас хандив цуглуулсан гэх шалтгаан. Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг үндэслэн нэр дэвшигчийн батламж гардуулахгүй байх нөхцөл хангалттай бүрдсэн гэдгийг хуульчид онцолж байгаа юм. Тухайлбал, энэ тухайд хуульч Ү.Амарбат “Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг.  Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш СЕХ тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, мандат олгосон цагаас хандив авах боломжтой болох учиртай. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ мөнгө хураана гэж нийтэд зарлахдаа “Хандив авахаар болсон” гэж тодотгосон.  Энэ нь хуулийн зөрчил болоод зогсохгүй улс төрийн нам парламентын сонгуульд нэр дэвших эрхийг үнэлж зарж байна гэсэн үг.  УИХ-ын суудлыг үнэлж зарснаар дараа нь энэ мөнгөө авлигын эх үүсвэр болгох, төрөөс буцааж нөхөж авах аюулыг дагуулна. Хоёрдугаарт, нэр дэвшигч бүртгүүлсэн  үеэсээ хандив цугуулах боломжтой болох байтал АН 100 саяыг татахдаа “Чи нэр дэвшихийн тулд  намдаа хандив босгож өгч байна. Гэхдээ нам руу оруулах мөнгөний хандивыг чи өөрийнхөө нэрээр босго” гээд байгаа юм. Хэрвээ намд цугуулж байгаа бол АН-ын бодлого,  үйл ажиллагааг дэмжиж  буйгаа илэрхийлсэн хандив байх ёстой юм, хуулиараа. Гэтэл  өөртөө хандив цуглуулж байгаа мэтээр олсон мөнгөө намдаа өгчихөөд байгаа нь хэлбэрийн хувьд болоод байгаа юм шиг  атлаа агуулгын хувьд сонгуульд нэр дэвшигч цаг нь болоогүй байхад хандив цуглуулаад эхэлсэн гэсэн үг. Хэрвээ үүнийг ул сууриар нь хөөвөл  сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100  саяыг цуглуулж өгсөн бүх нэр дэвшигч хууль зөрчсөн  болчихож байгаа биз. Тиймээс АН-аас нэр дэвшихээр намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй” хэмээн тайлбарласныг тодотгоё. Ямартай ч түүний дурдсан хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь АН-ыг ийнхүү хууль, шүүхийн хаалга татахад хүргэв бололтой.