sonin.mn
ЭНТРОПИ ӨСӨХ ХУУЛЬ
 
Энерги яаж хөдөлдөг вэ? Бидний оршин буй ертөнцийн оршихуйн зүг чиг юу вэ? Ер нь түүнд зүй тогтол байдаг уу? гэдэг асуултуудад хариулт хайдаг салбар бол термодинамик.
Термо-дулаан, динамик хөдөлгөөн, шилжилт буюу энергийн тухай ойлголт. Усанд сүү хийгээд орхиход удалгүй ялгахын аргагүй болж найрагдахыг, эсвэл мөсийг тасалгаанд оруулаад орхиход хайлж тасалгааны температурт хүрэхийг физикчид термодинамик тэнцвэртээ очлоо гэнэ.
 
 
 
Энергийн болон массын солилцоо хийхээ больсон тэнцвэрийн энэ цэгт тухайн системийн “энтропи” хамгийн их болно гэж үзнэ. Өөрөөр бас түмэн зүйл, буман бодисыг хольж барьсан зам цагийн эрхээр элэгдэж, үл буцах чиглэлд муудах процессоор тэмүүлнэ гэж хэлнэ.
 
 
 
Термодинамикийн хуулиуд энэ мэтийг дүгнэх боломжийг олгож, энергийн шилжилт хөдөлгөөний чиг, өөрчлөлт хувирлыг тайлбарлана. Ойлгомжтой ганц нэг томьёоллыг сийрүүлбэл “Гадаад орчинтойгоо харьцдаггүй битүү системд энтропи үргэлж өсдөг буюу аливаа хаалттай систем дотор эмх замбараагүй байдал заавал нэмэгддэг” гэж хэлэх.
 
ЭЦЭСГҮЙ ӨСӨХ ЭМХ ЗАМБАРААГҮЙ
 
Хаалттай системд хамгийн өндөр утгадаа хүртэл өсөх термо-энтропи гэх ойлголтыг дулааныг температурт харьцуулсан гаргах бөгөөд эмх замбараагүй байдлын хэмжээ гэж энгийншүүлэн хэлдэг. Тиймдээ ч дээрх хуулийг аливаа хаалттай систем цаг хугацаа өнгөрөхийн хирээр улам эмх замбараагүй болно гэж тайлах.
Шинэхэн босгож буй шилэн барилгыг ч наана гоё сайхан, эмх цэгцтэй болж харагдаж буй ч цаанаа түүнээсээ хэдэн зуу, хэдэн мянга дахин их зүйлийг эмх цэгцгүй болгож байж бүтэж буй гэж үздэг.
Нэг тонн ган хайлахын тулд ойролцоогоор 50 тонн шороон овоолго, 5 тонн төмрийн хүдэр олборлож 10 тонн ус хэрэглэнэ. Мөн 1 кг алт авахын тулд 10 мянга дахин их жинтэй зүйлийг ухаж тээрэмдэж угаах.
Ингэж их тээрэмдэлт, бутлалт, шигшилт хийж эмх замбараагүйг бий болгосны дараа сая нэг цэмцгэр шилэн барилга босож буй ч дахиад л тэнцвэртээ очихоор тэмүүлж, цаг ямагт энтропи нь өсч, элэгдэж муудна.
Бид оюунаараа бодож, гараараа бүтээж байгаагаасаа хэдэн дахин илүү ихийг хэрэглэж, эмх замбараагүй болгож эвдэж байдгийг, эмхлэн босгохоос эвдлэн сүйтгэх нь илүү амархан байдгын шалтгааныг сануулах. Эмх замбараагүй болж байгаа гэдэг бол ялгахын аргагүй адилсаж, салгахын аргагүй ижилсэхийг хэлж байгаа.
Термо-энтропийг тойрсон олон томьёо, тэгшитгэл, мөрдлөгөө байгаагийн нэг нь Гиббсийн чөлөөт энергийн тэгшитгэл. Энэ томьёо эмх замбараагүй байдал /энтропи/ их байхын хирээр алдагдсан боломжууд төдий чинээ их байдгийг заадаг. Энгийнээр энтропи гэдэг бол хөгжил, дэвшлийн эсрэг үзүүлэлт гээд хэлж болмоор.
 
ХОВРЫН ХИРЭЭР ӨСӨХ ҮНЭ ЦЭН
 
Гэтэл түүний чанх эсрэг талд Шанноны буюу “мэдээллийн энтропи” гэж ойлголт мөн бий. Шанноны энтропи нь мэдээллийн үнэ цэнийг, зүйрлүүлээд хэлбэл “мэдээлэл олдох магадлал”-ыг заах.
Таарах магадлал багасах тагнуулын гэх мэт ховор мэдээлэл өндөр үнэ цэнтэй байхад сошиал сувгуудаар сонирхооч гээд шанага шанагаар гарч ирэх мэдээнүүдийн үнэ цэн, ач холбогдол бага байдгийн шалтгааныг Шанноны энтропиор тайлбарладаг.
Дэд хэсгүүдийнх нь нийлбэр нийт дүнтэйгээ тэнцүү байх зарчмыг ашиглан томьёолсон логарифм функц ашиглан томьёолсон дээрх томьёо их чухал мэдээллийг бидэнд өгдөг.
Мэдээллийн энтропийг цэгцэрсэн мэдлэг, амьдрал дээрх эмх замбараагүйг цэгцлэх хүч гэмээр. Үүний цаана хүн төрөлхтний бидний өнгөрсөнд олж нээсэн “цэгцэрсэн мэдлэг” буюу “маш бага энтропийн утгад тэмүүлэх мэдээллийн энтропи” нь нийгэм дэх “олон төлөвт байдалтай термо энтропи”- ийн их утгыг тэнцвэрт төлөвт аваачина.
Энгийнээр хэлэхэд, мэдээллийн энтропийг цэгцэлж “чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэх” ухааныг сануулж буй аж. Энэ ухаан индивидуал хүнээс эхлээд томоохон аж ахуй нэгж, цаашлаад улс эх орны түвшинд ч хөгжлийн үндсэн ойлголт байх шаардлага байна даа.
 
ЭНТРОПИЙГ ОЙЛГОХГҮЙГЭЭР ХӨГЖЛИЙГ ОЙЛГОХГҮЙ
 
Хамгийн бага зардал гаргаж өндөр үр ашиг гаргахыг, хамгийн бага хичээж хамгийн өндөр сэтгэл ханамжийг хүртэхийг, аз жаргалд хүрэхийг бид хүсдэг.
Хамгийн бага ажил хийж хамгийн өндөр үр дүнд хүрэхийг бидний хүсэлт бол байгалийн өөрийнх нь туйлын хүслүүдийн нэг. Байгаль үргэлж үр ашигт тэмүүлэх. Энэ бол энтропийн мөн чанар, хуулиас гарах олон мөрдлөгөөний нэг нь.
 
 
 
Ер нь энтропийн тухай яриа, түүний шинж чанар, урган гарах мөрдлөгүүд ер нь бүгд байгалийн мөн чанартай таардаг нь, түүнийг нь урвуулан буулган бид амьдралдаа, нийгэмдээ ашиглахыг, анзаарахыг шаарддаг нь олны анхаарлыг аргагүй татдаг.
 
 
 
Гэвч жижигхэн бичвэрийн хэмжээнд бүү хэл ном, товхимлын түвшинд яригдлаа ч ойлгогдох амар сэдэв биш ээ, энтропи. Шинжлэх ухаан дах хамгийн аугаа том, ач холбогдол өндөртэй сэдэв мөртлөө хамгийн бага яригдаж, хатуухан хэлэхэд судлаачид, эрдэмтэд хаширлаж, тойрч зугтсаар л ирсэн сэдэв.
Тэр хэрээрээ тун бага яригдаж, одоог хүртэл ойлгомжтой, тодорхой бололгүй орхигдсоор, талцагдсаар ирсэн энэ хүнд сэдвийн талаар энгийн иргэд ч, шийдвэр гаргагчид ч төсөөлөлтэй байгаасай гэж, түүнийг сонирхон судлаасай гэж хүссэндээ сэжим өгөх үүднээс энэхүү бичвэрийг бичлээ.
Эргэн тойрноо ажин энд тэндгүй энтропийн хууль, зүй тогтлоор хүрээлүүлж байгаагаа эргэцүүлэн асуудал, шийдвэр, гаргалгаа бүрийнхээ ард ЭНТРОПИЙН тухай анхаарч байгаасай гэж хэн бүхнээс хүсэх байна.
Ялангуяа хөгжлийн тухай яриа бүхэн ямагт энтропи гэсэн ханан дээр очиж зогсоно. Үүнийг ойлголгүйгээр, тоолгүйгээр ярьж буй хөгжлийн тухай яриа бүхэн утаа болон замхарна.
 
 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл