sonin.mn
Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой  энэ онд тохиож байна. Ойн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр БХЯ-наас мэдээлэл хийв.
 
Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субьект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явц юм.
 
Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.
 
Ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт буй Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.
 
Мөн орон нутагт тэмдэглэх ойн үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт хийж, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолт болно. Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 76 албан хаагч БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцохоор энэ ням гарагт эх орноосоо мордох юм.
 
1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэргээс 21 мянга 384 цэрэг эр оролцжээ. Өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байгаа аж.
 
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хөтөлбөрийг танилцуулж байна.
 
Наймдугаар сарын 16-нд БНХАУ-ын Ялалтын 70 жилийн ойн парадад оролцохоор эх орноосоо мордоно.
 
Наймдугаар сарын 17-нд Монгол цэргийн музейд “Бид ялав” нэртэй үзэсгэлэнгийн нээлт болно.
 
Наймдугаар сарын 19-нд Сүхбаатар аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно. /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/
 
Наймдугаар сарын 21-нд Дорноговь аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно. /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/
 
Наймдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод баярын хурал, хүндэтгэл ёслолын арга хэмжээ болно.
 
Хэвлэлийн хуралд БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, мэргэжилтэн, хошууч Н.Эрдэнэбаяр, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд нар оролцов.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг