Монголчууд “COVID-19”-ийн халдварыг дотооддоо алдаагүй гэдгээрээ бардамнаж, бараг тайвширчихлаа. Нэг үе маск зүүгээгүй хүн “муухай” харагддаг байсан бол одоо зүүсэн нь өдрийн од шиг болсон. Мөн энд тэндгүй жагсч цуглаж, шөнийн цэнгээний газрууд үүр цайтал залуусаар дүүрэн байна. Гэтэл өдөр ирэх тусам коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсээр 320 хүрээд байгаа юм. Уг нь энэ амжилтаа ахиулахын тулд хүн бүр хичээх учиртай юм.
Тэгвэл дата шинжээч Роберт Ритц нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрээр Монгол Улсын сүүлийн хэдэн сарын хорио цээр, тусгаарлалтын дэглэм, шинжилгээний сорьцын статистик, мэдээ мэдээлэлд дата аналист хийсэн байна. Мөн олон нийт нийгмийн дунд халдвар тархах эрсдэлийг үнэлжээ. Түүний судалгаагаар халдвартай нэг хүнийг дотооддоо алдлаа гэхэд 20 хоногт 148 хүн халдвар авах магадлалтай. Алслагдсан сум, орон нутагт энэ тоо бага байж болно гэсэн дүгнэлт гарчээ. Харин Монголбанкны судлаачийн хийсэн судалгаагаар халдвар бага тархалттай байвал хоёр сарын хугацаанд 420 хүн, дунд тархалттай гэж үзвэл гурван сарын хугацаанд 1700 хүн, их байвал 3.5 сарын хугацаанд 3000 гаруй байх эрсдэлтэй гэж үзсэн байдаг.
Роберт Ритц судалгааныхаа талаар “Хэдийгээр улс орныг цогцоор нь үнэлсэн эрсдэлийн үнэлгээ биш ч монголчуудын санаа зовнисон “COVID-19”-ийн талаарх ихэнх асуултад хариулт өгч чадна. Энэ дүн шинжилгээг хийх болсон гол зорилго бол вирус тархах эрсдэл бийг урьдчилан харах юм. Мөн аливаа таамаглалыг дур зоргоор дэвшүүлж олон нийтийг айдас түгшүүрт автуулахгүй байх нь чухал. Нөгөөтэйгүүр миний дүгнэлт биш, шинжлэх ухааны үүднээс боломж, магадлалыг тооцсон дүн шинжилгээний хувилбар юм” гэдгийг онцлов.
Роберт Ритц судалгаагаараа “Нийгэм дунд илрээгүй халдвартай тохиолдол нэг байхад бусад зүйлд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн асуултад хариулахыг зорьжээ. Тухайлбал, тусгаарлалтад байсан иргэн ямар нэгэн байдлаар аль нэгэн шатны шинжилгээнд хамрагдахгүйгээр далд хэлбэрийн халдвартай тусгаарлалтаас гарсан байх боломжтой эсэх. Хэрэв ямар нэгэн байдлаар халдвартай хүн тусгаарлалтаас хугацаанаасаа өмнө гараад Улаанбаатар хотын хүрээнд далд хэлбэрийн бүртгэгдээгүй тохиолдлыг үүсгэсэн байх боломж бий юу гэдэг саналыг дэвшүүлсэн байна.
Судалгааны бүтээлд дурдсанаар стохастик моделийн загварчлалын прецессийг ашиглан тусгаарлалтаас гарсан хүмүүс хоёр удаагийн давтан шинжилгээ өгөөгүй байх магадлал 2.8 хувь. Өөрөөр хэлбэл, нийгмийн дундах айдас бус төлөвлөх болон урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв хариу үйлдэл гэдгийг харуулжээ. Халдвартай хүн тусгаарлалтаас зугтаж, вирусын халдварыг Монголд тархаж болзошгүйг тодорхойлох зорилгоор сэжигтэй тохиолдол, халдвар авсан, эдгэсэн загварыг хэрэгжүүлж байна.
Хэрэв халдварын хурдацыг хамгийн багаар R0 гэж үзээд халдвар авсан нэг хүн хавьтлаас гадна цаашаа хоёр хүнд халдвар тараана гэж тооцвол 20 хоногийн дотор 148 батлагдсан халдвар бүртгэгдэх боломжтой. Олон улсын жишгээр халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг агуулсан байгаа бол 20 хувь нь эмнэлгийн шатны үйлчилгээ авах түвшинд хүнд хэлбэрийн халдвар авсан байгаа аж. Шинжилгээний хариу алдаатай сөрөг гарах магадлал нь нэг хувь гэж үзвэл халдвартай тохиолдлыг алгасах магадлал 58 хувь юм. Энэ нь жилд 10 удаа аянганд цохиулах магадлалтай тэнцүү юм гэсэн харьцуулалт хийжээ.
Халдварыг илрүүлж чадалгүй нас барсан эрсдэлийг тооцохын тул Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл цуглуулжээ. Сар тутмын нас баралтын түвшинг 2020 оны нэгээс зургадугаар сарын бодит дундаж тоотой харьцуулахад дунджаас илүү нас баралтын түвшин харагдаагүй гэнэ. Мөн орон нутагт малчид амьтдаас халдвар тархах эрсдэлд анализ хийсэн талаараа “Далд халдвар авсан малчин аймгийн төв орсон гэж бодъё. Халдвартай малчин гэрээсээ хол хаашаа ч явдаггүй. Долоо хоногт ойр дотны хүмүүсээсээ гадна хоёр хүнтэй уулздаг. Эхний тохиолдолд 12 мянган хүн амтай гэж үзэхэд 20 хоногийн дараа нэг хүнээс 141 хүн халдвар авах магадлалтай. Энэ бол маш бага магадлал. Хоёр дахь тохиолдолд, арай өөр түвшинд R0 1.2 ашиглан шинжилсэн. Гэр бүлүүдийн хоорондох холбоо бага байдаг хөдөө орон нутагт халдвар ойрын гэр бүлээс гадна тархаагүй байх магадлалтай” гэжээ. Тэрээр дүгнэхдээ “Монгол Улсад “COVID-19” тархах эрсдэл байхгүй гэж хэлэх гээгүй. Нөгөө талаараа, гадаадаас эх орондоо ирсэн иргэдээс долоо хоног бүр батлагдсан тохиолдлууд бүртгэгдсээр байна. Үүнээс гадна гадаадын зарим улс оронд одоог хүртэл дотооддоо тархсан халдварын эсрэг тэмцэх, томоохон бэрхшээлүүд тулгарсаар байгаа. Ер нь халдвар авсан нэг л хүн гамшиг үүсгэх хангалттай боломжтой. Гэхдээ халдвар авсан хүн нийгэм дунд байсан бол аль хэдийнэ хурдан олж илрүүлэх байсан байх. Учир нь Монгол Улс сэжигтэй тохиолдол бүрт шинжилгээ хийж байна. Аюултай нүүр тулснаас одооноос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бидний хийж буй үйлдэл бүхэн эрсдэлтэй гэж хэлж болно” гэдгийг тэмдэглэжээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Гаднаас ирсэн хүмүүсийг албадан хорионд оруулна.