
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /France24/. Израил болон Палестинд очихоос нь хоёр хоногийн өмнө Израилын Засгийн газар өөрсдөд нь олгосон визээ цуцалсан тухай Францын зүүний үзэлт 27 хууль тогтоогч болон албаны хүмүүс мэдэгджээ.
Их Британийн эрх баригч Лейборист намаас сонгогдсон парламентын хоёр гишүүнийг Израилд нэвтрэхийг хориглосноос хойш хэдхэн хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Франц улс удахгүй Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэж Ерөнхийлөгч Э.Макрон хэлсний дараа дипломат зөрчилдөөн үүсээд буй үед дээрх үйл явдал болжээ. Тэрбээр Израил-ХАМАС-ын дайны үед Газын зурваст үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд шахалт үзүүлэхийг оролдож байгаа ажээ.
Израилын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Израилын төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй хүмүүст хориг тавихыг зөвшөөрсөн хуулийн дагуу 27 хүний визийг цуцалсан байна.
Харин Францын Экологийн нам болон Коммунист намын 17 гишүүн Израилын “шийтгэлийн” хохирогч болсон гэдгээ мэдэгдээд, Э.Макронд хандан уг асуудалд хөндлөнгөөс оролцохыг уриалжээ. Иерусалим дахь Францын консулын газраас тэднийг тав хоногийн айлчлал хийхийг урьсан бөгөөд “олон улсын хамтын ажиллагаа, соёлыг бэхжүүлэх” хүрээнд Израил болон Палестины нутаг дэвсгэрт айлчлахаар төлөвлөж байжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблейд Экологийн намаас сонгогдсон депутатууд болох Франсуа Руффин, Алексис Корбьер, Жюли Озенне, Коммунист намаас сонгогдсон депутат Сумья Буруаха, сенатч Мариан Маргейт нар багтсан байна.
Түүнчлэн зүүний үзэлт хотын дарга нар болон орон нутгийн хууль тогтоогчид байв. Франц улс Палестин улсыг хүлээн зөвшөөрч магадгүй гэсэнд бухимдаж байгаагаа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, Израилын дэргэд Палестин улсыг байгуулах нь “терроризмыг асар ихээр урамшуулсан хэрэг болно" гэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0