
БРЮССЕЛЬ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Reuters/. АНУ-ын эрх баригчид ухаалаг гар утас, компьютер болон бусад цахилгаан барааг харилцан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасны дараа Европын технологийн компаниудын хувьцааны ханш даваа гарагт өсжээ.
Европын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын ханш мөн адил өссөн бөгөөд ASM International, Infineon, and ASML зэрэг АНУ-ын зах зээлээс хамааралтай компаниудын ханш 2 орчим хувиар өссөн байна.
Ухаалаг гар утас, цахилгаан барааны үйлдвэрлэхэд шаардлагатай чипийг нийлүүлдэг Европын үйлдвэрлэгчид болон ASML зэрэг компьютерын чип үйлдвэрлэгчид Д.Трампын тогтоосон 10 хувийн суурь татвараас чөлөөлөгдсөн байна. Мөн Франкфуртийн хөрөнгийн биржид Apple компанийн хувьцаа 6 хувиар өссөн байна. Мөн Америкийн технологийн компаниуд болох Nvidia-гийн ханш 3 хувиар, Dell Technologies-ийнх 6.3 хувиар тус тус өсжээ.
Гэхдээ тодорхойгүй байдал хэвээр үргэлжилсээр байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт импортын хагас дамжуулагч болон бусад бүтээгдэхүүнд ногдуулах татварыг зарлана гэж ням гарагт мэдэгдсэн юм.
Мөн компьютерын эд анги үйлдвэрлэгч Logitech компанийн хувьцаа 5 хувиар, SAP, Dassault Systemes зэрэг компаниудын хувьцаа 2 хувиар өссөнөөр Европын технологийн индекс 2.8 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Nasdaq индекс мөн өнөө өглөө 1.6 хувиар өсжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0