sonin.mn

ВАШИНГТОН, 2025 дөрөвдүгээр сарын 14 /TASS/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, Ираны хооронд хийж буй хэлэлцээний дараагийн үе шат Италийн нийслэлд болох төлөвтэй байгаа тухай “Axios” цахим хуудсанд эх сурвалжуудыг эш татан бичжээ. 


Хоёр улсын албан тушаалтнуудын энэ удаагийн уулзалт нь Оманы Маскат хотод болсон шууд бус хэлэлцээнээс ялгаатай нь нүүр тулсан хэлбэрээр болж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Уулзалтад Оманы зуучлагчид мөн оролцох төлөвтэй байна. 


АНУ, Ираны албаны хүмүүсийн хоёр дахь уулзалтын өмнө Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) ерөнхий захирал Рафаэль Гросси Техран хотноо очиж, Ираны цөмийн байгууламжид хяналт, шалгалт хийх журмыг хэлэлцэнэ гэж Axios мэдээлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах тухай Иран, Америкийн төлөөлөгчдийн анхны зөвлөлдөх уулзалт Оманд дөрөвдүгээр сарын 12-нд болжээ.


Ираны төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, АНУ-ын талыг Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф тэргүүлсэн байна. Ираны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уулзалт үр дүнтэй болсон бөгөөд талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Иран, Америкийн хооронд хийж буй шууд бус яриа хэлэлцээний хоёр дахь үе шатыг Оман улсад зохион байгуулахгүй, гэхдээ тус улс зуучлагчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи мэдээлсэн байна. Хэлэлцээ хийх газрыг өөрчлөх саналыг АНУ-ын засаг захиргаа гаргажээ. 


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг