sonin.mn

БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон импортын татвар үйлчилж эхэлсэн даруйд Европын хөрөнгийн биржүүд дэх хувьцаануудын ханш лхагва гарагт дахин уналаа.  

Тухайлбал, Европын хамгийн том 600 компанийн зах зээлийн үнэ цэнийг илэрхийлдэг STOXX Europe 600 индекс арилжааны эхэнд 2,95 хувиар унасан байна. Даваа гарагт 10 хувиар унасан Германы DAX индекс дахиад 2,92 хувиар доошиллоо.




Үүний зэрэгцээ Германы Redcare Pharmacy (-15,10%), Швейцарын Roche (-5,2%), Novartis (-6,05%), Данийн Novo Nordisk (-4,09%) зэрэг эм үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны ханш унажээ.



Мөн эрчим хүчний компаниудын, тэр дундаа хий, газрын тос олборлогч Европын хамгийн том 600 компанийн зах зээлийн үнэ цэнийг илтгэдэг STXE 600 индекс 3,03 хувиар, уул уурхайн компаниудын SXPP индекс 3,08 хувиар унасан байна. Энэ нь металлын хамгийн том экспортлогч болох Хятадын бүтээгдэхүүнд ногдуулсан Америкийн 104 хувийн татвар үйлчилж эхэлсэнтэй холбоотой.  




Энэ тухайд Германы Сангийн сайд Йорг Кукис хэлэхдээ, индексүүд гайхшрал төрүүлэхээр хурдан уналаа гэж дүгнэжээ.АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 2-ны өдөр 180 улс орон, 2 нутаг дэвсгэрээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд шинээр импортын татвар ногдуулах тухай зарлигт гарын зурсны дараа уг татвар лхагва гаргаас үйлчилж эхэллээ. Тухайлбал, Европын Холбооны гишүүн орнуудаас нийлүүлж буй бараанд 20 хувийн татвар ногдуулжээ. Үүний хариуд Европын орнууд тахианы мах, үхрийн мах, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, самар, өндөг, сүүн бүтээгдэхүүн, сахар, хүнсний ногоо зэрэг Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн байна.



Б.Адъяахүү