
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа татварын асуудлаар худалдааны түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ Хятадын бараанд 104 хувийн татвар ногдуулах шийдвэр шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ гэдгийг мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулах шийдвэрээ зарласнаас хойш АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд дөрөв дэх өдрөө дараалан буурч, S&P 500 индекс сүүлийн жил орчмын хугацаанд анх удаа 5000-аас доошилж хаагдсан байна.
Уг индекс хоёрдугаар сарын 19-нд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч байсан бол одоо 18.9 хувиар буурчээ. Өнгөрсөн лхагва гарагт Д.Трамп тарифын тухай зарласнаас хойш S&P 500-д багтдаг компаниудын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд ам.доллароор буурсан нь 1950-иад онд уг жишиг индексийг бий болгосноос хойших дөрвөн өдрийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн том алдагдал болсон байна.
Д.Трамп дэлхийн хамгийн том зах зээлийг тойрсон худалдааны саад тотгорыг арилгах талаар хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна гэсэн таамаглалаас үүдэн дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд өмнө нь бага зэрэг өсөөд байв.
Харин өнөө өглөө Японы Nikkei индекс унасан ба Азийн бусад индексүүд мөн унах төлөвтэй байна. АНУ-ын засаг захиргаа ойрын холбоотон, худалдааны гол түнш болох Өмнөд Солонгос, Японтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бол Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони ирэх долоо хоногт АНУ-д айлчлах гэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
ганц амрик унаагүй дэлхийй даяар унаж байгаа учраас орлого зарлага байхгүй пропорционал америкийн үйлдвэрүүд буцаж байрлахад хэвийн болно
Олон улс америктай худалдааны тохиролцоо хийхээр болсон байна.