sonin.mn

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “US Steel” компанийг худалдан авах Японы “Nippon Steel” компанийн саналыг дахин хянаж үзэхийг үүрэг болгожээ. 


Д.Трамп энэ асуудлаар цаашид ямар алхам хийх нь зүйтэй эсэхийг тодорхойлохын тулд судалж шалгахыг АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороонд (CFIUS) даалгасан баримт бичигт өчигдөр гарын үсэг зурсан байна. 


Тус хороо өмнө нь уг саналыг хэдэн сарын турш хянаж үзсэн боловч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй байсаар асуудлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ж.Байдены мэдэлд шилжүүлжээ. Ж.Байден өнгөрсөн нэгдүгээр сард үндэсний аюулгүй байдлын үүднээс “US Steel” -ийг Японы компанид худалдахыг хориглосон юм.


Д.Трамп талуудаас гаргасан саналууд нь үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад хангалттай эсэх талаар зөвлөмж, дүгнэлтээ танилцуулахад дээрх хороонд 45 хоногийн хугацаа өгсөн байна.


"Nippon Steel" компани "US Steel"-ийг худалдан авч, охин компаниа болгохоор зорьж байгаа ч Д.Трамп “US Steel компанийн хувьцааны хяналтын багцыг хэн ч эзэмших ёсгүй” хэмээн мэдэгджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг