
ДУБАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /TASS/. АНУ, Ираны элч төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-ны бямба гарагт Оман улсад шууд бус хэлэлцээ хийнэ гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Х нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
"Иран, АНУ хоёр улс бямба гарагт Оман улсад өндөр түвшний шууд бус яриа хэлэлцээ хийнэ. Энэ бол боломж төдийгүй сорилт юм. Бөмбөг Америкийн талд байна" гэж тэрбээр бичсэн байна.
Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Д.Трамп гуравдугаар сарын 7-нд Ираны дээд урдидагч аятолла Али Хаменейд илгээсэн байна. Харин Ираны тал шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагчаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хэрэв цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ амжилтгүй болбол хоёр долоо хоногийн дараа Иранд нэмэлт татвар ногдуулна гэж Д.Трамп гуравдугаар сарын 30-нд мэдэгджээ.
Тэрбээр мөн Ираны эрх баригчид хэлэлцээ хийхгүй бол "тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” гэсэн байна. Али Хаменей хариуд нь мэдэгдэхдээ, АНУ цэргийн хүчээр халдан орох магадлалд итгэхгүй байгаа гэдгээ илэрхийлээд, Иранд эмх замбараагүй байдал дэгдээх гэсэн аливаа оролдлогод шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ. АНУ, Ираны төлөөлөгчид шууд яриа хэлэлцээг хэдийн эхлүүлсэн бөгөөд бямба гарагт “хамгийн өндөр түвшинд” үргэлжилнэ гэж Д.Трамп өчигдөр мэдэгджээ. Тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0