sonin.mn

Засгийн Газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг нэр бүхий сайд нар танилцуулах үеэр Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье.Та гучин есөн стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. 


Дээрээс нь та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Мөн баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж яваа чинь бас үнэн. 
Тийм учраас би Баялгийн сангийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг 7 хоногийн хугацаа өгч байна. 


Хэрэв энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье” гэсэн билээ.

Тэгвэл Н.Учралын Х.Баттулгад өгсөн 7 хоногийн хугацаа нөгөөдөр дуусах ажээ. Одоогоор Х.Баттулга ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэвч сайн ч муу ч Монгол төрийн тэргүүн байсан хүний хувьд, нөгөөтэйгүүр байгалийн баялаг гэж хамгийн их ярьж явдагийг нь бодсон ч Х.Баттулгыг уг асуудлаа засна гэдэг хүлээлт бага ч гэсэн байгаа юм.


Н.Отгончимэг