sonin.mn

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэрээс үүдэн дэлхийн худалдааны дайн үүсэх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас хөрөнгө мөнгөө татахад хүргэж байгаатай холбоотойгоор Ази, Номхон орнуудын хөрөнгийн зах зээл өнөө өглөө огцом уналаа. Японы хөрөнгийн биржийн индексүүд арилжаа нээгдэх үед бүс нутгийнхаа орнуудын дундаас хамгийн ихээр буурсан байна. 


Тухайлбал, Nikkei 225 индексийн ханш 6.40 хувиар унаснаар сүүлийн 18 сарын доод түвшинд хүрсэн бол Topix индекс 6.62 хувиар буурчээ. Мөн Өмнөд Солонгосын Kospi индекс 5.01 хувиар, Kosdaq индекс 4.37 хувиар буурсан байна.


Түүнчлэн Австралийн S&P/ASX 200 индексийн ханш 5.34 хувиар буурч сүүлийн 18 сарын доод түвшинд хүрчээ. Ингэснээр хоёрдугаар сард өндөр түвшинд хүрснээсээ хойш 11 хувиар буураад байна. Харин Хонконгийн Hang Seng индексийн фьючерс хэлцлийн үнэ 22 772 нэгжид хүрсэн нь хамгийн сүүлийн арилжаа хаагдахад 22 849.81 нэгж байсантай харьцуулахад бага хувиар буурчээ.


Д.Трампын засаг захиргаа татварын хувь хэмжээг бууруулах талаар улс орнуудтай амжилттай хэлэлцээ хийж чадна гэж найдаж байсан хөрөнгө оруулагчдын итгэл найдвар талаар болсны улмаас Америкийн хөрөнгийн биржийн индексүүдийн фьючерс хэлцлийн үнэ мөн буурсан байна.


Үүний зэрэгцээ ням гарагт АНУ-ын WTI маркийн нэг торх газрын тосны үнэ 60 ам.доллароос доошилжээ. Тодруулбал, WTI нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3 гаруй хувиар буурч, 59.74 ам.доллар болсон нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.


Д.Трампын засаг захиргааны эдийн засгийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтнууд инфляц, хямралтай холбоотой болгоомжлолыг үл хайхран татвар тарифыг хэвээр үлдээх болно хэмээн мэдэгджээ. 


Өнгөрсөн баасан гарагт Хятад улс АНУ-ын бараанд шинээр татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсад хямрал үүсгэснээр дэлхийн худалдааны дайныг өдөөж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэний улмаас хувьцаануудын ханш огцом унажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг