
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай холбоо харилцаатай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хэлээд “хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлийг хийх болно” хэмээн мэдэгджээ.
Д.Трамп 2018-2019 оны хооронд Ким Жөн Унтай гурван удаа биечлэн уулзаж байсан бөгөөд тэд шууд харилцаагаа үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал гараад байгаа юм.
“Бид маш сайн харилцаатай, тийм ээ, бид холбоотой байгаа. Үүнийг маш чухал зүйл гэж би бодож байна” хэмээн Д.Трамп хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Тэрбээр Кимтэй хэзээ холбоо барихаар төлөвлөж байгаа тухай асуултад ийнхүү хариулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн Умард Солонгосыг “цөмийн зэвсэгтэй том улс”, удирдагчийг нь “ухаалаг залуу” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн тэрбээр 2019 оны зургаадугаар сард Кимийн урилгаар цэргийн зааглах шугамыг даван Умард Солонгост хөл тавьж байснаа дурсжээ.
Нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хэдхэн хоногийн дараа Д.Трамп Кимтэй дахин холбоо барина хэмээн хэлсэн юм. Трамп, Ким нар гурван удаа уулзаж байсан бөгөөд эхнийх нь 2018 оны зургаадугаар сард Сингапурт, хоёр дахь нь 2019 оны хоёрдугаар сард Ханойд, сүүлчийнх нь 2019 оны зургаадугаар сард Панмүнжом тосгонд болсон билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0