sonin.mn

КОПЕНХАГЕН, 2025 оны гуравдугаар сарын 31 /AFP/. АНУ Гренландыг “авч” чадахгүй гэж Гренландын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен мэдэгджээ. “Бид хэнд ч харьяалагдахгүй” гэж тэрбээр “Facebook” хаягтаа бичээд, арлын оршин суугчид ирээдүйгээ өөрсдөө тодорхойлно гэдгийг нэмж хэлсэн байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг болгох сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж, АНУ уг газар нутгийг эзэмших нь үндэсний төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Гренланд бол дэлхийн хамгийн том арал бөгөөд ашигт малтмалын нөөц болон байршлаараа стратегийн ихээхэн ач холбогдолтойд тооцогддог. Тус арал нь АНУ-ын холбоотон, НАТО-гийн гишүүн Дани улсын харьяан дахь өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон түүний гэргий Уша тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Гренландад урилгагүй айлчилсан нь тус бүс нутгийн удирдагчид болон Данийн улс төрчдийн дургүйцлийг төрүүлжээ.


Тус арал дахь АНУ-ын сансрын баазад зочлох үеэрээ Ж.Д.Вэнс мэдэгдэхдээ "Дани улс Гренландын аюулгүй байдалд бага хөрөнгө зарцуулдаг" гэжээ. Үүний хариуд Данийн Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ, Вэнсийн ярианы өнгө аяс таалагдаагүй гэж хэлсэн байна.


Д.Трамп мөн арлыг хяналтандаа авах сонирхолтой байгаагаа ням гарагт дахин илэрхийлжээ. “Бид Гренландыг авна, 100 хувь эргэлзээгүйгээр” гэж тэрбээр NBC телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Харин Й.Нильсен хэлэхдээ, Гренланд бол зөвхөн тэнд амьдардаг хүмүүсийнх бөгөөд үүнийг АНУ-ын Ерөнхийлөгчид тодорхой хэлэх ёстой гэжээ. Тэрбээр "өчигдөр ийм л байсан, өнөөдөр ч ийм байна, цаашид ч ийм байх болно" гэж хэлжээ.


Гуравдугаар сарын 11-нд болсон сонгуульд Й.Нильсен тэргүүтэй баруун төвийн үзэлтнүүдийн Ардчилсан нам ялалт байгуулсан юм. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен тус арал болон Копенхагены хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор лхагва гарагт тус аралд ирэхээр төлөвлөж байна.


Гренландын намуудын ихэнх нь тусгаар тогтнолыг хүсэж байгаа боловч түүнд хүрэх арга замын талаар санал нийлэхгүй байгаа юм. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт шахалт нь аль болох ойрын үед эвсэл байгуулахаас аргагүйд хүргэсэн тул Гренландын парламентад суудалтай таван намын дөрөв нь Й.Нильсений эвсэлд нэгдэхээр тохиролцжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг