sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 31 /NBC News/. Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Тэрбээр хэлэхдээ “хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээ хийхгүй бол тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” гэсэн байна.


Ираны тал Д.Трампад илгээсэн хариу захидалдаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагчаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өмнө нь мэдэгджээ. 


Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний боломжит бүх хувилбарыг судалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Майк Уолц хоёрдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв.


Харин Д.Трамп "Иран цөмийн зэвсэгтэй болох гэж байгааг гэрээнд гарын үсэг зурах эсвэл бөмбөгдөх замаар зогсоох боломжтой" гэж мэдэгджээ. Гэхдээ асуудлыг цэргийн арга хэрэглэхгүйгээр Ираны талтай гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэрбээр дурдсан байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг