sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 28 /AP/. Их сургуулиудын хотхонуудад дэгдсэн Палестиныг дэмжих ажиллагаатай холбоотой гэгдэж буй 300 гаруй оюутны ​​визийг хүчингүй болгосон тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ. 


М.Рубио пүрэв гарагт Гайана улсад айлчлах үеэрээ хэлэхдээ “Бид ийм зүйлийг өдөр бүр хийдэг. Эдгээр галзуу солиотой хүмүүсийг олох бүртээ бид визийг нь хүчингүй болгодог. Хэзээ нэгэн цагт тэднээс ангижирсны дараа энэ ажил дуусна гэж найдаж байна” гэжээ. 


Трампын засаг захиргаа Израилын талаар баримталж буй бодлоготой нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийг шийтгэж буй энэ үед тэднийг баривчилж, албадан гаргасаар байгаа юм. “Манай улсад ирж суралцаад, эрдмийн зэрэг авахад тань зориулж виз олгосон болохоос биш нийгмийн зүтгэлтэн болгохын тулд, их сургуулийн хотхоныг нураалгахын тулд олгоогүй. Хэрвээ та худал мэдүүлэх замаар виз аваад АНУ-д нэвтэрч, тухайн визээ ашиглан ийм төрлийн үйл ажиллагаанд оролцвол бид таны визийг цуцлах болно” гэж М.Рубио хэлжээ.  



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг