sonin.mn

КАНБЕРРА, 2025 оны гуравдугаар сарын 28 /Reuters/. Австралид ирэх тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно гэж Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр мэдэгдсэнээр таван долоо хоногийн турш үргэлжлэх сонгуулийн кампанит ажил эхэлжээ.


Э.Альбанезегийн Лейборист нам 2022 онд болсон сонгуулиар олонх болж байсан боловч сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээс үзэхэд, сөрөг хүчний Либерал-Үндэсний эвсэл хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна.


Ерөнхий сайд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Манай засгийн газар дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг австрали маягийн аргаар даван туулах замыг сонгосон бөгөөд амьжиргааны өртгийн өсөлтөөс хохирч буй хүмүүст туслахын зэрэгцээ ирээдүйнхээ төлөө бүтээн байгуулалт хийхийг зорьж байна. Манай ард түмний хүч, тэсвэр хатуужлын ачаар Австрали улс хөгжин дэвжиж байна. Тавдугаар сарын 3-нд улам урагшлах замыг сонгох боломж та бүхний өмнө нээлттэй байна” гэжээ.


Э.Альбанезе өнөө өглөө Австралийн Амбан захирагч Сэм Мостинтэй уулзаж, улс орон даяар сонгууль явуулах зөвшөөрөл хүссэн байна. 


Тус улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд нь төрийн тэргүүн, Их Британийн хаан Чарльзыг төлөөлж буй амбан захирагчаас сонгууль зарлахын тулд зөвшөөрөл авах ёстой. Сонгуулийг гурван жил тутамд явуулах заалтын дагуу тавдугаар сарын 17-ны дотор сонгууль явуулах ёстой ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг