sonin.mn

КОПЕНХАГЕН, 2025 оны гуравдугаар сарын 27 /AFP/. Эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах тухай журмыг Данийн засгийн газар баталжээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсений мэдэгдсэнээр, 18 нас хүрсэн эмэгтэйчүүдийг долоодугаар сард буюу өмнө нь төлөвлөснөөс эрт цэргийн албанд татна. 


“Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан зэвсэгт хүчинд олон цэргийг шинээр татах ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Сайдын хэлснээр, 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн цэрэг татлагын асуудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг бүрэн хангах ажээ. Данийн эмэгтэйчүүдийг 2027 оноос эхлэн цэргийн албанд татна гэж анх төлөвлөж байв. Мөн цэргийн алба хаах хугацаа дөрвөн сар байсныг 11 сар болгон уртасгажээ. Одоогоор Данийн эмэгтэйчүүд зөвхөн сайн дурын үндсэн дээр армид алба хааж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг