sonin.mn

ЕРЕВАН, 2025 оны гуравдугаар сарын 27 /DW/. "Бүгд Найрамдах Армени Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай" хуулийн төслийг тус улсын парламент хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ.


Хуулийг батлахыг 64 гишүүн дэмжиж, 7 хүн эсэргүүцсэн санал өгсөн байна.


Хуулийн төслийг баталсныг Европын Холбооны удирдагчид сайшаагаад, Европын Холбоо-Арменийн бат бөх харилцаанд нэгэн чухал алхам болж байгаагийн сацуу Армени улс бидний нийтлэг үнэт зүйлс болон ардчиллын замыг тууштай баримталж буйн тод илэрхийлэл боллоо гэж мэдэгджээ.


Армени улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг “Ардчилсан хүчний индэр” иргэний нийгэмлэгээс санаачилсан бөгөөд хоёр сарын дотор 60 мянган хүний гарын үсгийг цуглуулжээ.


Хуулийн төслийг Арменийн засгийн газар нэгдүгээр сарын 9-нд дэмжсэн бол парламент хоёрдугаар сарын дундуур болсон эхний хэлэлцүүлгээр баталсан юм. "Арменийн ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, Бүгд Найрамдах Армен Улсыг аюулгүй, хамгаалагдсан, цэцэглэн хөгжсөн орон болгох зорилт тавин, Бүгд Найрамдах Армен Улсыг Европын Холбоонд элсүүлэх үйл явц эхэлснийг зарлаж байна" гэж уг баримт бичигт дурджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг