sonin.mn

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 26 /RIA Novosti/. Орос, Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхийг түр хугацаагаар зогсоох талаар ОХУ, АНУ-ын төлөөлөгчид эцэслэн тохиролцож, эдгээр байгууламжийн жагсаалтыг гаргасан тухай Кремлийн хэвлэлийн алба Телеграм сувагт мэдээлжээ.


Уг жагсаалтад дараах байгууламжуудыг оруулсан байна


  • Нефть дахин боловсруулах үйлдвэрүүд
  • Нефть, хий дамжуулах хоолойнууд, хадгалах байгууламжууд, шахах станцууд
  • Цахилгаан станц, дэд станц, трансформатор зэрэг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах дэд бүтцүүд
  • Атомын цахилгаан станцууд
  • Усан цахилгаан станцын далангууд


"Цохилт өгөхийг түр зогсоох хугацаа гуравдугаар сарын 18-наас эхлэн 30 хоног хүчинтэй байх бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно. Талуудын аль нэг нь зөрчсөн тохиолдолд нөгөө нь дагаж мөрдөх үүрэггүй гэж үзэх эрхтэй" гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.


Орос, Америкийн “техникийн багуудын” шинжээчдийн уулзалт Эр-Рияд хотод болж, 12 цаг гаруй үргэлжилсэн юм. Хоёр орны төлөөлөгчид мөн Орос, Украины эрчим хүчний байгууламжууд руу халдахыг хориглох арга хэмжээг боловсруулахаар тохиролцжээ. 


Талуудын уулзалт В.Путин, Д.Трамп нар гуравдугаар сарын 18-нд утсаар ярьсны дараа болсон юм. Оросын Ерөнхийлөгч утсаар ярьсныхаа дараа Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгөхөө зогсоох тушаалыг өгсөн байна. Төлөөлөгчид мөн далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, арилжааны хөлөг онгоцуудыг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох тухай Хар тэнгисийн санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг