
ЭР-РИЯД, 2025 оны гуравдугаар сарын 26 /DW/. Хар тэнгис дэх хөлөг онгоцуудад цохилт өгөхийг зогсоох талаар Орос, Украин хоёр тусдаа тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгджээ. Мягмар гарагт Саудын Арабт удтал үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, хүч хэрэглэхгүй байх, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоц ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцжээ.
Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров энэхүү мэдээг X хуудсаараа баталгаажуулсан байна. Түүний хэлснээр, талууд навигацийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хүч хэрэглэхийг зогсоож, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоцуудыг ашиглахгүй байхаар тохиролцжээ. Үүний зэрэгцээ, Оросын байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн “зүүн эргээс гадагш” хөдөлгөх нь АНУ-ын зуучилсан гэрээг зөрчинө гэдгийг Украин анхааруулсан байна. Хэрэв Оросын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгисийн эргээс хөдөлвөл Украин өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй гэж Р.Умеров Facebook хуудсаараа мэдэгджээ.
ОХУ мөн Хар тэнгист тээврийн аюулгүй байдлыг хангах тухай АНУ-ын зуучилсан гэрээнд оролцож байгаагаа баталсан байна. Түүнчлэн Орос, Украины эрчим хүчний байгууламжид цохилт өгөхийг 30 хоногийн хугацаанд зогсоох төлөвлөгөөг боловсруулахаар Орос, АНУ тохиролцсон гэж Кремль мягмар гарагт мэдэгдсэн байна.
Гэхдээ Хар тэнгист цохилт өгөхийг зогсоох хэлэлцээр нь Оросын Хөдөө аж ахуйн банк болон олон улсын хүнсний худалдаанд оролцдог бусад санхүүгийн байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээг цуцалсны дараа, мөн SWIFT олон улсын төлбөрийн системд дахин холбогдсоны дараа хүчин төгөлдөр болно гэдгийг Оросын тал мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
наймаачин маань ямар наймаа хийчихээ вэ, тагнуулчын эсрэг тавьсан хоригоо цуцалж байгаа юм уу даа.