sonin.mn

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны гуравдугаар сарын 25 /TASS/. Дэлхийн II дайны дараа Аргентин руу зугтан гарсан нацистуудтай холбоотой бүх баримт бичгийг олон нийтэд ил болгохыг тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милей зарлиг болгожээ. Энэ тухай Аргентины Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээлсэн байна.


"Нацист Германаас зугтан гарсан хүмүүсийн бүх бичиг баримтыг ил болгохын төлөө тэмцсээр буй АНУ-ын сенатч Стив Дэйнсийг Ерөнхийлөгч Милей хүлээн авч уулзсан. Банкны гүйлгээтэй холбоотой гэх мэт олон нийтэд ил болоогүй баримтууд байсаар байна.


Ерөнхийлөгч Милей В.Дэйнсийн хүсэлтээр төрийн байгууллагуудад байж болох баримтуудыг ил болгох үүрэг өгсөн" гэж тэрбээр “DNews” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Франкосын хэлснээр, хамгийн чухал баримт бичгүүд Батлан хамгаалах яаманд хадгалагдаж байж магадгүй юм. "Бидэнд эдгээр мэдээллийг нууцлаад байх ямар ч шалтгаан байхгүй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 


Х.Милей 1976-1983 оны цэргийн дэглэмийн үеийн зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргах зарлиг гаргасан тухай түүний засаг захиргааны төлөөлөгч Мануэль Адорни өмнө нь мэдээлж байсан юм. 


Дэлхийн II дайны дараа нацист гэмт хэрэгтнүүд Өмнөд Америкийн орнууд руу олноороо зугтан гарсан юм. Освенцимын хорих лагерьт хоригдлууд дээр эмнэлгийн туршилт хийж байсан Йозеф Менгель, “Холокостыг санаачлагч” гэгддэг Адольф Эйхман нар Аргентинд нуугдаж байв.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг