
БНСУ орчин үеийн түүхэн дэх хамгийн тодорхой бус цаг үе, улс төрийн сорилттой нүүр тулаад байна. Өмнөд Солонгосын ардчилсан тогтолцоо дотоод засаглалын хямралаа даван туулж, гадаад бодлогын зөрчил хуваагдлаа зохистой шийдвэрлэх чадвартай эсэхийг шалгасан эргэлтийн үед ирсэн гэж болно. Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн оны 12-р сарын 3-ны шөнө цэргийн онц байдал зарласан бөгөөд онц байдлын хугацаа хэдхэн цаг үргэлжилсэн боловч энэ нь ерөнхийлөгч болоод ерөнхий сайдыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд зогсохгүй бослого дэгдээсэн хэмээн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдах шалтгаан болсон. Уг хэрэгтэй холбоотойгоор батлан хамгаалахын сайд, армийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд гэм буруутайд тооцогдож, ял сонсохоор байна.
Эрүүгийн хэргийн шүүх ажиллагааны зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн Үндэсний Ассамлейн 2024 оны 12-р сарын 14-ний шийдвэрийг хэлэлцэх сонсгол үргэлжилж байна.
Цэцээс Юн ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг 180 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд хэрэв огцруулах шийдвэр гаргавал дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг 60 хоногийн хугацаанд явуулахаар хуульд заасан байдаг. БНСУ-д өрнөж буй энэхүү цэргийн онц байдлын хямрал болон улс төрийн тодорхойгүй байдал нь Өмнөд Солонгосын гадаад бодлого, тэр дундаа АНУ, БНХАУ-тай харилцах бодлогод ихээхэн сорилт учруулж байна. Салбарын мэргэжилтнүүд улс төрийн үймээн самуун нь үндэсний имижийг сүйтгэж, гадаад дахь бизнесийн сонирхлыг бууруулж, улмаар экспортод сөрөг нөлөөлж эхэлсэнд нэн зовниж байна.
Үндсэн хуулийн цэцээс Ерөнхий ассамблейн импичментийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл дараагийн ерөнхийлөгч хэн байх талаарх олон нийтийн санал асуулгад 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёл ерөнхийлөгчид ялагдсан Ардчилсан намын дарга Ли Жэ Мён тэргүүлж байна.
Сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён-тэй холбоотой авлига албан тушаалын шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд хэрэв тэрээр гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болох юм. Хэрэв ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болбол улс төрийн тогтвортой байдлыг бий болгох нь Өмнөд Солонгосын дараагийн засаг захиргааны нэн тэргүүний зорилт байх болно.
Дотоод зөрчил ба гадаад бодлогын хуваагдал: Аливаа улсын дотоод зөрчлийн “утасны үзүүр” гадаад орчин, их гүрнүүдтэй харилцах харилцааны зөрчилтэй холбогддогийг Өмнөд Солонгосын дотоод улс төрийн хямрал харуулж байна. 2022 онд Юн Сог Ёл “хөх ордны” тэргүүн болсноос хойш АНУ-тай холбоотны харилцаагаа гүнзгийрүүлж, Японтой харилцаагаа сэргээж, Умард Солонгостой хатуу харилцах гадаад бодлого баримталж байсан нь АНУ БНХАУ-ын стратегийн өрсөлдөөнд Сөүлийг Вашингтоны талд зогсоход хүргэсэн, үүнийг сөрөг хүчин Ли Жэ Мён тэргүүтэй “ардчилсан нам” эсэргүүцсэн, энэ нь алсдаа дотоод зөрчлөөс гадаад бодлого үзэл санааны хуваагдлын эх үндэс нь болов. 2024 оны 4-р сард Өмнөд Солонгост парламентын сонгууль болж сөрөг хүчний “ардчилсан нам” (Democratic Party) нийт 300 суудлын 192 суудлыг авч олонх болсон бол ерөнхийлөгч Юн Сог Ёл-ын эрх баригч “үндэсний хүч” нам (people power party) 108 суудал авч цөөнх болж ялагдсан нь оны эцэс хүртэл үргэлжилсэн дотоод улс төрийн зөрчлийг засаглалын хямрал болох суурийг тавьсан юм. Парламентын сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй парламент ерөнхийлөгчийн институт хоорондын зөрчил хурцдаж, парламентын сонгууль шударга явагдсан эсэхтэй холбоотой хардлага маргаан үүсэж, Тэргүүн хадагтайг тойрсон шалгалт мөрдлөгүүд явагдаж, сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён-тэй холбоотой шүүх хурлууд, Юн Сог Ёл-ын санал болгосон улсын төсвийг батлахгүй буцаасан зэрэг олон талыг хамарсан улс төрийн зөрчил маргаан өрнөсөн юм.
2023 оны 4-р сард Юн Сог Ёл “Тайваний асуудал бол зүгээр нэг Тайваний хоолойн хоёр эргийн асуудал биш. Умард Солонгосын асуудалтай адил хамрах хүрээ нь бүс нутгийн ойлголтоос хэтэрсэн дэлхийн хэмжээний асуудал гэж авч үзэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байв.
2024 оны 3-р сарын сүүлээр парламентын сонгуулийн өмнөхөн сөрөг хүчин “ардчилсан нам”-ын удирдагч Ли Жэ Мён “Яагаад бид БНХАУ-ыг өдөөн хатгаж байгаа юм? Бид яагаад хоёр эргийг асуудалд оролцох ёстой юм? Тайваний хоолойд юу ч болж байсан, БНХАУ Тайванийн харилцаа яаж ч өрнөсөн тэр нь бидэнд ямар хамаатай юм?” гэсэн байр суурийг илэрхийлж Юн Сог Ёл-ын Умард Солонгостой хэт хатуу харилцаж байгааг шүүмжилж байв.
Өмнөдийн улс төр ба БНХАУ-ын нөлөө: “Жижиг” улсын дотоод улс төрийн зөрчил хурцдахад их гүрний зөрчил өрсөлдөөний сүүдэр нөлөөтэй холбогддог “бичигдээгүй хууль” Өмнөд Солонгост хэрэгжив. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёл 2024 оны төгсгөлд дотоод улс төрийн асуудлаас шалтгаалан Бээжинтэй харилцах харилцаагаа огцом өөрчилж “түнжин хагарав”. Юн Сог Ёл 2024 оны 5-р сард БНХАУ Япон, Өмнөд Солонгос гурван улсын тэргүүн нарын уулзалтыг Сөүлд зохион байгуулах үеэр өмнөд хөршийн ерөнхий сайд Ли Цьян-тай “найрсаг” уулзаж, мөн оны 11-р сарын 15-ны өдөр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзаж хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байв.
Харин 12-р сард онц байдал зарласантай холбоотой үүссэн дотоод хямралын дараа ерөнхийлөгч Юн Сог Ёл БНХАУ-ыг Өмнөд Солонгосын дотоод улс төрд далдуур оролцож, 4-р сард болсон парламентын сонгуульд нөлөөлсөн хэмээн мэдэгдэв.
Энэ нь нэг талаар ерөнхийлөгч Юн Сог Ёл БНХАУ-ыг буруутгах замаар өөрийн улс төрийн замналаа үргэлжлүүлэх “тоглолт” байж болох ч нөгөө талаар Юн Сог Ёл-ын хэлсэнчлэн БНХАУ ардчилсан улсын улс төрчдийн “судсыг атгаж” улмаар хүн хүч техник технологиор ардчилсан сонгуульд нөлөөлдөг байхыг ч үгүйсгэхгүй хэмээн судлаачид онцолж байна. Өмнөд Солонгосын сөрөг хүчин АНУ-тай хэт дотно харилцахаас түдгэлзэж, БНХАУ-тай ойр харилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг ба энэ нь тэднийг “Бээжингийн талыг баримтлагч” болгон харагдуулах болсон.
2023 оны 6-р сарын 9-ний өдөр БНХАУ-аас Өмнөд Солонгост суух элчин сайд Шин Хаймин сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён-тэй уулзахдаа “Зарим хүмүүс АНУ ялж, БНХАУ ялагдана гэж бооцоо тавьж байгаа нь буруу бөгөөд түүхэн чиг хандлагыг тодорхой харж чадахгүй байна.
Одоо БНХАУ-ыг ялагдана гэж дэнчин тавьж байгаа хүмүүс ирээдүйд заавал харамсах болно” гэж анхааруулж Өмнөд Солонгосын засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа ил тод илэрхийлсэн. Тухайн үед эрх баригч нам “Үндэсний хүч” намын зүгээс Ли Жэ Мён-ийг БНХАУ-ын элчин сайдын үгийг хүлцэнгүй хүлээж авсныг шүүмжилж, Өмнөд Солонгосын гадаад яам БНХАУ-ын элчин сайдыг дуудаж эсэргүүцэл илэрхийлж байв. Өнгөрсөн оны 12-р сард Өмнөд Солонгосын улс төрийн хямрал гүнзгийрсний дараа Юн Сог Ёл-ын талынхан “Парламентын хууль бус сонгууль нь БНХАУ-тай холбоотой, Өмнөд Солонгосын сонгуулийн удирдлагын төв хорооны компьютерын системийн нууц үг БНХАУ-ын төрийн үйлчилгээний шуурхай албаны утасны дугаартай ижил байгаа нь “Сонгуулийн луйврын ард БНХАУ-ын оролцоо байгаа”-г харуулж байна” гэж мэдэгдэж байв.
Дүгнэлт: БНХАУ-ын тал 2024 оны 12-р сарын 3-ны өдөр Юн Сог Ёл-ийг “богино настай” онц байдал зарлаж, удалгүй албан тушаалаас нь түдгэлзүүлсэн хэрэг явдлын дараа Өмнөд Солонгосын эрх баригч “үндэсний хүч” намтай харилцаагаа муутгахгүйг хичээж зөвхөн Юн Сог Ёл-ын Бээжингийн эсрэг байр суурийг няцааж байгаа ба хамгийн том сөрөг хүчин “ардчилсан нам”-ыг илт дэмжсэн мэдэгдэл хийхгүй асуудалд болгоомжтой хандаж байгаа нь ажиглагдаж байна.
Хятадын хувьд Өмнөд Солонгосын гадаад бодлого хаашаа чиглэхээс БНХАУ-ын гадаад улс төр аюулгүй байдлын орчин ихээхэн шалтгаалах бөгөөд Сөүлийн бодлого гаргагчдын дунд Бээжинтэй ойр харилцах үзэл санааг хадгалж байх нь чухал юм.
БНХАУ-ын мэдээллийн хэрэгсэл Өмнөд Солонгосын улс төрийн хямралыг мэдээлэхдээ “ардчилсан улсын нам хоорондын зөрчил улс орны эрх ашгийг умартаж засгийн эрхийн төлөө тэмцдэг гэдийг Өмнөд Солонгосын улс төрийн зөрчлөөс харж болно” хэмээн ардчиллын талаарх сөрөг мэдээг давхар түгээж байв. Монгол Улсын хувьд Солонгосын хойгийн энэ удаагийн хямралт асуудалд их гүрнүүд ямархуу байр суурь ашиг сонирхлоос хандаж байгааг судлах, Өмнөд Солонгосын ардчилсан тогтолцоо энэхүү хуваагдмал хямралт нөхцөл байдлаас хэрхэн гарах зэргийг анхааралтай ажиглах “сургамжтай” үйл явдал өрнөж байна. 2025 онд Солонгосын хойг болон дэлхий дахинд өрнөх үйл явц эдгээр асуудлуудын хариулт болон чиг хандлагыг харуулах юм.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл2
Өмнөд солонгосын улс төрчид баыр суурь өөр өөр ч улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч ажиллаж чадахгүй байснаар хямралд оржээ Америкт ч хое намынх нь олон жилийн тэмцэл бие биеэ бүрэн үгүысгэхэд хүргэж одоо өүр иргэний дайн гарцаагүй гэж хүртэл биёиж ярьж байна Монгол харин ч гаыгүй байгаа юм биш үү Намуудын хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй Албан тушаал хүсэгчид бас байнаа байна
Өмнөд Солонгос 4 их наяд долларын гадаад өртэй.