
Дэлхий дээрх найман тэрбум гаруй хүн бүгд өөр өөрийн гэсэн зан араншин, үйл хөдлөл, гадаад төрхтэй. Эдгээр ялгаа нь тэр хүний дотоод ертөнц буюу хувь хүний оршихуйд нь байдаг гэж боддог. Бусдын нүдээр ертөнцийг харахгүй, бусдын биеэр амьдралыг туулахгүй, бусдын тархиар бодохгүйгээс л хойш хувь хүний орон зай, тусгаар тогтносон ертөнцийг нь хүндэлж байх нь чухал. Тиймээс энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдын бодол санаанаас үл хамааран өөрийгөө бүтээж яваа Б.Нандин-Эрдэнийг бид онцолж байна.
Бусдын үгийг үл тоож байж хүн өөрийгөө бүтээдэг
Б.Нандин-Эрдэнэ 15 настай. Зураач, загвар зохион бүтээгч, make up artist бас амьтанд хайртай нэгэн. Багаасаа зурах дуртай байсан түүний авьяасыг аав, ээж нь хөгжүүлж зураач болгожээ. Харин тэрээр өөрийн зурах авьяасаа нүүр будалтын урлагтай хослуулан make-up artist болж, өөрийн өнгө төрхийг бүтээж яваа юм.
Өөрийн хэв маягийн талаараа “Би будаггүй байхдаа царай муутай. Өөртөө итгэлтэй болохын тулд 2019 оноос нүүрээ будаж эхэлсэн. Анхандаа энгийн будалт хийдэг байсан. Яваандаа өөрт тохирох будалт, хэв маягийг бий болгосон. Одоо бол нүүр будалт, хувцаслалт маань намайг илэрхийлэх нэг хэсэг минь болсон” гэсэн юм.
Түүний хувцаслалт болон нүүр будалтыг хараад хүмүүс “Мансууруулах бодис хэрэглэдэг үү. Галзуу, солиотой байх” гэх зэргээр хүлээн зөвшөөрөхгүй, сөргөөр харах хандлага их гардаг аж. Гэвч нөгөө талдаа түүн шиг хувцаслаж, нүүрээ будах хүсэлтэй охидод үлгэр дуурайлал, итгэл, урам зориг өгдөг байна. Энэ тухайгаа Б.Нандин-Эрдэнэ “Над шиг хувцаслаж, нүүрээ будахыг хүсдэг хүүхдүүд маш олон байдаг юм билээ. Гэвч аав, ээж нь хүлээн зөвшөөрдөггүй учир өөрийнхөөрөө байж чаддаггүй тухайгаа надад ярьдаг. Тиймээс би өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа тэр хүүхдүүдэд урам зориг өгөх зорилготой цахим орчинд идэвхтэй байх болсон. Гэхдээ цахим орчинд хүмүүс маш бүдүүдэг авир гаргадаг. Миний бичлэг болон зургийн дор их сөрөг сэтгэгдэл бичдэг. Намайг “Галзуу, солиотой, архи, тамхи, хар тамхи хэрэглэдэг байх” гэсэн сэтгэгдэл маш их байдаг.
Би хоёр удаа өөрийн зургийн үзэсгэлэнгээ хийж байсан. Миний зургийн үзэсгэлэн дээр ирсэн нэг хүн зургуудаас минь нэгийг нь онцлоод “Хар тамхи хэрэглэдэг хүмүүс л яг ийм зүйл зурдаг” гэж хэлж байсан. Гэхдээ би хэзээ ч тэр зүйлүүдийг хэрэглэж байгаагүй.
Тэр ч бүү хэл хүүхдүүдийн маш их хэрэглэдэг электрон тамхийг ч хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй. Би зүгээр л аливаа зүйлийг бусдаас өөрөөр хардаг хүн. Бусдаас өөр байхаараа заавал муу хүн гэсэн үг биш шүү дээ” гэсэн юм. Нарыг улаан өнгөтэй гэж хардаг гэж Б.Нандин-Эрдэнэ ярьсан юм. Зураач хүний дотоод ертөнц, сэтгэхүй ийм л өөр байж сайн бүтээл төрдөг байх. Энэ тухайгаа тэрээр “Би бүх зүйлийг ид шидийн болгож хардаг. Ер нь энгийн хүнээс заримдаа жаахан өөр. Тухайлбал, хүмүүс намайг үзэн ядлаа гээд би тэднийг зөрүүлээд үзэн яддаггүй. Зүгээр л хайрладаг. Учир нь би хайрлагдаж өссөн учраас хэнийг ч үзэн ядахыг хүсдэггүй. Тэр хүн намайг хайрладаг болтол би тэр хүмүүсийг хайрлана гэж боддог” гэсэн юм. Тийм дээ ч түүний уран бүтээлүүд ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийг хамгаалсан бүтээлүүд байдаг байх гэж бодсон юм.
ҮР ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХӨӨР НЬ УРЛАЖ ЯВАА ГЭР БҮЛ
Аав, ээжүүд хүүхдээ даруу, төлөв, үгэнд нь сайн ордог, авч өгсөн хувцсыг нь өмсдөг буюу өөрийнх нь хүссэнээр байх юм бол сайн хүүхэд гэж боддог. Харин өөрийнхөөрөө буюу бусдаас жаахан өөр байх юм бол муу хүүхэд гэх "Хэвшмэл ойлголт" манай нийгэмд бий. Тэгвэл Б.Нандин-Эрдэнийг өөрийнхөөрөө цэцэглэж, хөгжихөд нь хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол түүний аав, ээж хоёр юм.
Охиныхоо тухай түүний ээж Б.Энхцэцэг "Нөхөр бид хоёр барилга, замын мэргэжилтэй хүмүүс. Гэтэл гэрт маань тэс өөр урлагийн хүн төрчихсөн. Охин маань багаасаа л зураг зурах дуртай байсан. Гэхдээ хүүхэд бүр л бага байхдаа зурдаг болохоор охиноо зураач болно гэж бодоогүй.
Харин Төрийн соёрхолт зураач Саранцацралтын ярилцлагыг үзээд маш чухал зүйлийг ойлгосон. Тэр ярилцлагад "Хүүхдүүд жаахан байхдаа бүгд л зурдаг. Гэхдээ миний авьяасыг ээж, аав минь нээсэн. Бусад гоё зурдаг хүүхдэд харандаа, будаг байхгүй байхад аав, ээж минь надад өөртөө байгаа бүх боломжоороо зургийн хэрэгсэл авч өгч, дэмжиж, намайг хөгжүүлсэн. Над шиг зурдаг зураачид олон байгаа ч тэднийг хөгжүүлж чадаагүй" гэж ярьж байсан. Тэр үед охин минь гурван настай байсан. Айлын хүүхдүүд дэлгүүр Ороод ундаа, чихэр, тоглоом авдаг бол охин маань өнгийн харандаа, зургийн дэвтэр авдаг байсан. Ингээд байнга л зураг зурдаг байсан. Аавдаа юм захихдаа зураад явуулчихдаг байсан. Энэ үеэс л охиноо дэмжиж эхэлсэн. Урлаг бол хүний оюун санааны хамгийн дээд илэрхийлэл гэж боддог. Урлагийг түгээж буй хүмүүсийг хамгийн сайн, сайхан хүмүүс гэж боддог. Тиймээс охиноо урлагийн хүн болох гэж байгаа бол тангараг өргөсөн цэрэг хүн шиг хариуцлагатай байх ёстой гэдгийг нь үргэлж хэлдэг.
Охин минь ч бидний итгэлийг алддаггүй. Миний хувьд 15 насандаа өөрийн хүссэн хувцсаа өмсөөд хотын төвөөр алхаж үзээгүй шүү дээ. Тиймээс охиноо одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч байж болох хамгийн сайнаар хүмүүжүүлэх ёстой гэж боддог" гэсэн юм.
Бусад хүмүүс охиныг нь сөргөөр хүлээж авч буй хүмүүсийг өрөвддөг гэсэн юм. Энэ талаар "Охин зургийн хэрэгслээрээ нүүрэн дээрээ будаж эхэлсэн. Тэгэхээр нь нүүрээ будмаар байгаа юм байна гэж ойлгоод гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч өгсөн. Ер нь урлагийн хүнийг гэртээ өсгөж, бойжуулна гэдэг хэцүү. Тэвчээр шаардсан ажил. Гэхдээ манай гэр бүлийнхний нэг онцлог нь хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авна гэсэн философитой. Тиймээс охиноо нүүрээ будахад нь тийм ч сөргөөр хүлээж аваагүй ээ. Анхандаа одоогийнх шиг будахад нь тийм ч таатай байгаагүй. Гэхдээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэж л бодсон. Сүүлийн үед хотын төв орчмоор охинтойгоо хамт явахаар хүмүүс их эерэг хүлээж авч, зургаа авхуулъя гэдэг болсон байна лээ. Заримдаа надад хүүхдүүдээс ирсэн мессежнүүдээ уншиж өгдөг. Тэгэхэд "Таны улаан фен шүү. Хүндэлдэг шүү. Хичээгээрэй. Дэмждэг шүү. Тань шиг нүүрээ будахыг хүсдэг шүү" гэсэн байдаг. Зураач найзууд маань ч гэсэн "Зургийн сургуульд битгий явуулаарай. Өөрөөр нь хөгжүүлээрэй" гэдэг. "Хүн өөрийгөө олно гээд явбал бүтэхгүй л дээ. Тэгж битгий цаг үр. Хүн өөрийгөө олдоггүй юм. Харин бүтээдэг. Тиймээс охиноо үргэлж дэмждэг" гэсэн юм.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
Будгийн ажил хийхдээ эхлээд суурь замаскийг сайн хийдэг журамтай . Амжилт
Хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжиж хөгжүүлэх нь зөв байж болох ч бас хэмжээ хязгаар байх учиртай байхаа. Энэ охин өсвөр насныхныг буруу зүгт дагуулж, улам бүр "Монголоо алдах" зам руу хөтлөх бий дээ. Нэг их хөөргөөд сахиусан тэнгэр мэнгэр гэж цаасан малгай тавих хэрэггүй байх даа.
бусдаас хамааралгүй өөрийнхөөрөө байна гэдэг нь гажиг юманд донтохыг хэлэхгүй л дээ
энэ бол өөрийнхөөрөө байгаа биш юм.зүгээр япон хүүхэлдэйн кинонд донтсон сэтгэцийн эмгэг юм.японд ийм залуус олон бий.гэхдээ бусдад гэм халгүйхэн байвал одоо яая гэхэв
энэ бол өөрийнхөөрөө байгаа биш юм.зүгээр япон хүүхэлдэйн кинонд донтсон сэтгэцийн эмгэг юм.японд ийм залуус олон бий.гэхдээ бусдад гэм халгүйхэн байвал одоо яая гэхэв
Ямар аймаар царай муутай юм бэ ккк
15-тай гэхэд бие бялдар, нүүр царай нь бүүр нэг хүүхэн шинжтэй..
Анимешн
Galzuu medrel