
ИСТАНБУЛ, 2025 оны гуравдугаар сарын 25 /DW/. Туркийн сөрөг хүчний удирдагчдын нэг, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны дараа гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш үргэлжилж буй жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд гэрэл зурагчид, сэтгүүлчид болох 10 хүн байгаа тухай Туркийн Хэвлэл мэдээлэл, хууль судлалын нийгэмлэгээс (MLSA) мэдээлсэн байна.
Олныг хамарсан баривчилгаа явуулсныг "хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг мэдэх эрхэд халдаж байна" гэж Туркийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын "Disk-Basin-Is" холбоо мэдэгджээ.
Гуравдугаар сарын 24-ны орой Истанбул, Анкара хотод олон мянган хүн дахин жагсаж, засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эсэргүүцлийн жагсаалыг “хүчирхийллийн хөдөлгөөн” хэмээн мэдэгдэж, шүүмжилжээ. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал өрнөсөнд сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг буруутгасан байна.
Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон жагсаалуудын үеэр цагдаагийн 123 ажилтан гэмтэж бэртжээ. Р.Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэж тооцогддог Э.Имамоглуг авлига, терроризмын гэмт хэрэгт буруутган гуравдугаар сарын 19-ний өдөр баривчилжээ.
Тухайн үед Туркийн “Anadolu” агентлаг мэдээлэхдээ, түүнийг терроризмын хэргээр шалгаж байгаа гэсэн юм. Тодруулбал, тус улсад хориглосон Курдийн Ажилчны намыг дэмжсэн хэмээн буруутгажээ. Гуравдугаар сарын 23-ны өглөө түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, шоронд хорьсон байна. Туркийн Прокурорын газар нийт 100 орчим хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Тэдний дунд Истанбул хотын захиргааны албан тушаалтнууд байгаа юм. Мөн өдөр БНАН-аас Э. Имамоглуг 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0