
БРЮССЕЛЬ, 2025 оны гуравдугаар сарын 21 /TASS/. Брюссельд болсон Европын Холбооны (ЕХ) дээд хэмжээний уулзалтад оролцогчид Европын Комиссоос (ЕК) санал болгож буй Европын Холбооны орнуудын батлан хамгаалахын тухай Цагаан номыг дэмжиж, ирэх таван жилийн хугацаанд энэ чиглэл дэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриалжээ.
“Европын батлан хамгаалахын ирээдүйн тухай Цагаан ном”-ын хүрээнд ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцогчид таван жилийн дотор Европын батлан хамгаалахын бэлэн байдлыг хангах ажлыг бүх салбарт эрчимжүүлэхийг уриаллаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Уулзалтад оролцогчид ЕК-ын саналыг бодитоор хэрэгжүүлж эхлэхийг ЕХ-ны Зөвлөл болон ЕК-т үүрэг болгосан байна. Энэхүү төлөвлөгөөг хэрхэн санхүүжүүлэх талаар ЕХ-ны орнуудын удирдагчид мэдэгдэлдээ дурдалгүйгээр төлөвлөгөөг санхүүжүүлэх боломжуудыг яаралтай судлахыг ЕК-т даалгасан байна. ЕХ нь НАТО-гийн нөөц чадавхыг нөхөх замаар аюулгүй байдлаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарт НАТО-той өрсөлдөхгүй гэдгийг мэдэгдэлд онцолжээ. Түүнчлэн батлан хамгаалах чиглэлд гаргаж буй бүхий л хүчин чармайлт нь "ЕХ-ны гишүүн орнуудын аюулгүй байдлын ашиг сонирхол, үндэсний батлан хамгаалах бодлогод харшлах ёсгүй" гэдгийг дурдсан байна.
ЕК-оос төсвийн зардлыг танах, шинээр зээл авах замаар ирэх дөрвөн жилд цэргийн хөрөнгө оруулалтад зориулж 650 тэрбум евро татахыг санал болгожээ. Түүнчлэн Европын хамтын зээл буюу еврогоор бонд байршуулах замаар дахин 150 тэрбум евро босгохоор төлөвлөж байна.
Тус Комисс мөн Европын Хөрөнгө оруулалтын банкнаас цэргийн төслүүдийг санхүүжүүлэх, ЕХ-ны хямралтай бүс нутгийг хөгжүүлэх сангаас олгох хөрөнгийг цэргийн хэрэгцээнд ашиглахыг гишүүн орнуудад зөвшөөрөхөөр төлөвлөжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Европын нэгдсэн Зэвсэгт Хүчин гэдэг зүйлийг л яваандаа буй болгох стратеги юмуу даа.