sonin.mn

БИШКЕК, 2025 оны гуравдугаар сарын 19 /Kabar/. Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистан Улсын төрийн тэргүүн Эмомали Рахмон нар хоёр улс хоорондын хилийн тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 


Ерөнхийлөгч Э.Рахмоны Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр уг гэрээнд гарын үсэг зурах ёслол Бишкек хот дахь ерөнхийлөгчийн ордонд боллоо.


“Киргиз, Тажикистаны хооронд Улсын хилийн тухай гэрээнд гарын зурсан түүхэн үйл явдлыг хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэг талархан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл явдал нь хоёр орны төдийгүй Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно” гэж С.Жапаров баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгджээ. 


Э.Рахмон хариуд нь мэдэгдэхдээ “Хилийн тухай гэрээ нь хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэх бат бөх суурийг тавихын сацуу шинэ хуудсыг нээх болно. Өнөөдрийн уулзалтын үр дүн манай хоёр орны харилцааг ард түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.


Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар 2021 онд хилийн зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа хаагдсан хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд дахин нээгджээ. Тодруулбал, хоёр улсын хилийн Кызыл-Бел, Кайрагач шалган нэвтрүүлэх боомтуудыг нээх ёслолд Ерөнхийлөгч нар баримт бичигт гарын үсэг зурсны дараа цахимаар оролцсон байна. 


Түүнчлэн гуравдугаар сарын 14-ний өдрөөс Бишкек-Душанбе, Бишкек-Хужанд чиглэлд нислэг үйлдэж эхэлснээс гадна хоёр улсын хилийн бүс хоорондын нийтийн тээврийн автобусны үйлчилгээг сэргээжээ. 


Талууд мөн “Найрамдал, сайн хөршийн харилцааг цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” зэрэг нийт 16 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцож, эрчим хүчний шинэ дэд бүтцийг байгуулах замаар Төв Азийн илүүдэл цахилгааныг Өмнөд Азийн орнуудын эрэлт ихтэй эрчим хүчний зах зээлд нийлүүлэх “Төв Ази-Өмнөд Ази-1000” (CASA-1000) төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг