sonin.mn

АНКАРА, 2025 оны гуравдугаар сарын 20 /DW/. Туркийн хууль сахиулагчид Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч, Истанбул хотын захирагч Экрем Имамоглуг авлига, терроризмын гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.


Э.Имамоглуг лхагва гаргийн өглөө баривчилж, цагдаагийн төв байранд хүргэсэн гэж AFP, DPA мэдээллийн агентлагууд түүний туслахын мэдээлснийг эш татан уламжилсан байна. 


Туркийн телевизүүдийн мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаа нар түүний Истанбул дахь гэрт нь үүрээр нэгжлэг хийжээ. Эрх баригчид баривчилгааны дараа эсэргүүцлийн жагсаал болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Истанбул хотод дөрвөн өдрийн турш жагсаал хийхийг хориглосон байна. Netblocks ажиглалтын байгууллагын мэдээлснээр, лхагва гаргийн өглөө Туркт нийгмийн олон сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ.


Истанбулын их сургууль тодорхой зөрчлүүдийг харгалзан Э.Имамоглугийн их сургуулийн дипломыг хүчингүй болгож буйгаа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа түүнийг баривчилсан нь дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь томоохон саад учруулж байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нэр дэвшигч нь их дээд сургууль төгссөн байх ёстой. Истанбулын их сургууль Э.Имамоглу зэрэг 28 хүний ​​эрдмийн зэргийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэн байна. Зүүний төвч үзэл баримтлалтай Бүгд найрамдах ардын намын улстөрч Э.Имамоглу энэ амралтын өдрүүдэд намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлах гэж байжээ. Тэрбээр 2019, 2023 онд Истанбул хотын даргаар хоёр удаа сонгогдож, Эрдоганы эрх баригч консерватив үзэлт Шударга ёс, хөгжлийн намаас нэр дэвшигчдийг ялж байв.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг