sonin.mn

БЕРЛИН, 2025 оны гуравдугаар сарын 18 /DW/. Герман дахь үйлдвэрүүдэд ажиллаж буй 7500 ажилтнаа цомхотгоно гэж "Audi" компани даваа гарагт мэдэгджээ. Цахилгаан авто машины эрэлт саарч, Хятадын компаниудын зүгээс өрсөлдөөн ширүүсэж байгаагаас үүдэн Германы авто машины үйлдвэрлэлийн салбар томоохон бэрхшээлтэй тулгарч байгааг онцолсон байна.


2029 оны сүүлчээр дуусах ажлын байрны цомхотгол нь “Audi”-гийн дэлхий даяарх нийт ажиллах хүчний 8 орчим хувийг хамрах бөгөөд “бүтээмж, хурд, уян хатан байдлыг” нэмэгдүүлэх зорилготой гэж Германы авто машин үйлдвэрлэгч компанийн мэдэгдэлд дурдсан байна.


“Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, өрсөлдөөнөөс үүдэлтэй дарамт шахалт, улс төрийн тодорхойгүй байдал нь компанид томоохон сорилт бэрхшээлийг учруулж байна” гэж “Volkswagen”-ы охин компани болох “Audi” мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга Гернот Долнер хэлэхдээ, 2033 оныг дуустал албадан цомхотгол хийхгүй, эдийн засгийн хүнд үед энэ бол бүх ажилтны хувьд сайн мэдээ юм гэв. Үүнээс үзэхэд 2029 оноос өмнө хийх ажлын байрны цомхотгол нь сайн дурын үндсэн дээр ажлаасаа гарах, гэрээг цуцлах замаар явагдах төлөвтэй байна. 


Авто машин үйлдвэрлэлийн салбар нь олон арван жилийн турш Германы аж үйлдвэрийн салбарын "үнэт зүйл" байсан боловч эдийн засгийн үзүүлэлтүүд саарч байгаагийн улмаас үйлдвэрлэл буурах болжээ.


"Audi"-гийн шийдвэр нь цахилгаан авто машинд шилжих үйл явц, Хятадын ширүүн өрсөлдөөн, эрэлт сул байгаа, АНУ-ын зүгээс татвараар дарамталж байгаа зэргээс үүдэн бэрхшээлтэй тулгарч буй Европын хамгийн том эдийн засагтай улсын үйлдвэрлэлийн салбарт бас нэгэн цохилт болж байна.  




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг