sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.


Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна.


Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үгийг сийлжээ.


Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл юм. Цогцолборын гол хэсэгт мөнхийн гал асаж, цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулд зогсдог. Томоохон ой, тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн ёслолын жагсаал болж, төр, засгийн удирдлага нь хүндэтгэл үзүүлдэг.


Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон Элчин сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.