sonin.mn

Автомашин эзэмшигчдийн холбооныхон хотын дарга Х.Нямбаатарын “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” гэсэн үгэнд гомдож, нэр төрд халдсан хэмээн нэг тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд хандав. Шүүх ч тэр гомдлыг нь нэн даруй хүлээн авч, хотын даргыг төл гэсэн шийдвэр гаргав. Ингээд ялалт байгуулсан ченжүүд шүүгчийн захирамжийг сошиолд сэвж, найр наадам болж байна. Гэхдээ энэ баярлаад байх сэдэв огтоосоо биш. 


Автомашины улсын дугаар олголтод хязгаарлалт тогтоосон өдөр автомашин импортлогчдын хоёр холбоо хотынхонд шаардлага тавьсан. Тэр нь хилийн цаана байгаа 37000 автомашинаа оруулж ирэх ядмаг шаардлага байв.


Улмаар хотын дарга түүнийг нь зөвшөөрөхгүй гэсэн тул ченжүүд хэвлэлд хандаж, мэдээлэл түгээж эхэлсэн. Үүнд нь эгдүүцсэн хотын дарга дээрх үгийг хэлчихсэн гэж болохоор… Харин шүүгчийн гаргасан шийдвэр их сонин. Гомдохоор бол халтар гэж цоллуулсан төгрөг л гомдох ёстой гэдгийг хэл шинжээч нар тайлбарлах биз ээ. 


Х.Нямбаатар “хонгилдуулав уу”…


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргач “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүн Ц.Лхагважав нь “Женко” Х.Баттулгын ойрын хүн аж. Аймгуудаар тойрсон уулзалт, зохион байгуулсан арга хэмжээ бүрд нь оролцож, дэмжлэг үзүүлдэг гэх бөгөөд сонгуулийн сурталчилгаанд нь ч идэвхтэй оролцож байсан аж. Харин дээрх шүүхийн тойргийн шүүгч Г.Төрболд нь мөн л “Женко” Х.Баттулгын үед ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референтээр томилогдож байсныг эх сурвалж мэдээллээ. Үүнийхээ дараа тус шүүх рүү шилжин томилогджээ. Товчхондоо, Монголын шүүх Женкогийн савраас салаагүйн зэрэгцээ, хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн намрын сонгуулиар Женкотой сөргөлдсөн “шангаа” одоо хүртэж байгаа хэрэг гэж харж болохоор байгаа юм. Нямбаатар, Баттулга нарын хэн ялах, Монголын шүүхийн хонгил нурсан, эсэхийг дараа дараагийн шүүхийн шийдвэрүүд илчлэх биз.


Ташрамд, 2023 оны татвар, гаалийн байгууллагын мэдээллээр 1550 ченж 5-аас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирснээс зөвхөн 400 гаруй ченж машин борлуулсан татвараа төлсөн. Харин үлдсэн 1100 орчим ченж огт татвар төлдөггүй, тэд багадаа 500 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон гэдэг мэдээлэл бий.


Э.Солонго