
ХОНКОНГ, 2025 оны гуравдугаар сарын 11 /TASS/. Хятад болон Хятадын Коммунист Намд (ХКН) үнэнч гэдгээ тангарагласан цэргийн албан хаагчдыг шийтгэх тухай хуулийн төслийг Тайванийн Батлан хамгаалах яам танилцуулахаар төлөвлөж байгаа тухай “Taipei Times” сонинд мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь Хятадын талд тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон цэргүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой аж.
Хуулийн төсөлд зааснаар "үг, үйлдэл, мэдэгдэл, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад аргаар" Хятад болон ХКН-д үнэнч байхаа илэрхийлсэн цэргийн алба хаагчдад нэгээс долоон жил хүртэл хорих ял оноох ажээ.
Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо 2023 онд 48 байсан бол 2024 онд огцом нэмэгдэж 64 болсон тухай Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчоо нэгдүгээр сард мэдээлжээ. Ийм хэрэгт ихэвчлэн чөлөөндөө гарсан болон одоо алба хашиж байгаа цэргүүд холбогдож байгаа бөгөөд 2024 онд чөлөөндөө гарсан 15, үүргээ гүйцэтгэж буй 28 цэрэг шийтгэл хүлээсэн байна.
Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, ихэнх тохиолдолд цэргийн алба хаагчдыг Бээжингийн талтай хамтран ажиллуулахын тулд "мөнгө, мөрийтэй тоглоомоор урхидаж”, Хятад улсад үнэнч гэдгээ баталсан баримт бичигт гарын үсэг зурах эсвэл үнэнч байдлаа илэрхийлсэн дүрс бичлэг хийх санал тавьжээ.
Дээрх хуулийн төсөлд тусгаснаар, ийм төрлийн үнэнч байдлын баталгааг одоо гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажээ. Хууль эрхзүйн бүх процесс дууссаны дараа уг хуулийн төслийг Гүйцэтгэх юаньд өргөн барина гэж Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хятад цэргүүд гэж аймхай хулчгар юмнууд байдаг. Өмнөд суданы босогчид хятадын цэргийн хуаран руу дайрахад хужаа нар тал тал тийшээ зугтаад алга болж байсан түүх байдаг.
гүйцэтгэх юаньд ?
Юань бх шүү. Амбан сайдын яамны зарга шүүх бил үү хэрэг шүүх газар байх. Эртний үлгэр домог дээр мэр сэр таардаг хятад албаны нэр