sonin.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдан, АТГ-т шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан.  

Мөн Нийслэлийн прокурорын газраас түүнийг эрэн сурвалжилж байгаа гэж мэдээлж байв. 

Ж.Мөнхбат нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны аравдугаар сард БНСУ-руу явсан гэх мэдээлэл байдаг. 

Харин тэрбээр энэ талаар “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэсэн утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэж байв. 

Ж.Мөнхбатыг бусадтай нийлж, нүүрсний мөнгийг угааж, хаус хороолол барьсан, хахууль өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.  


Тэгвэл сураг сонсох нь ээ УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монголд ирэхгүй удах тусам түүний хэрэг “хүндэрч” байгаа тухай дуулдах болов. Харин тэрбээр өөрөө энэ талаар өнөөг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийлгүй таг чиг байна.


Ж.Мөнхбатыг анх МАСЗХ-ы ЕНБДарга, улмаар МАН-ын төв хэвлэл "Монголын Үнэн” сонины эрхлэгчээр томилогдож, улс төрд орж ирсэн гэж ярьдаг. Гэвч тэрбээр улс төрд орж ирснээсээ хойш шальтай улс төрч биш гэдэг нь олонд танигдаж эхэлсэн.  

Түүний талаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцдаг гэх мэт янз бүрийн зүйл яригддаг. 

Харин тэр өөрийгөө өмөөрч ямар ч буруу зүйл хийгээгүй гэж ярьсаар өдийг хүрсэн. 

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. 

Өөрөөр хэлбэл, Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх яриа олон нийтийн дунд гарсан аж.

Улмаар тэрбээр өөрийн багын найз, бизнесийн хамтрагчтай хамтран нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд хаус хотхон барьсан байж болзошгүй баримт байдаг.

Гэвч энэ бүхнийг нуршилгүй, тэрбээр өнөөг хүртэл эх орондоо иргэж ирэлгүй, хууль хяналтын байгууллагаас зугтсаар байна. Уул нь тэрбээр өөрийгөө шударга улс төрч гэж олон нийтэд байнга танилцуулсаар ирсэн. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэнтээ ямар ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан “Хууль дуудвал оч, Үгүй бол хууль чам дээр ирнэ” гэсэн хэлсэн байдаг. 

Тэгвэл өөрийгөө шударга хүн гэдэг Ж.Мөнхбат өнөөг хүртэл Монгол улсын хууль хяналтын байгууллагыг үл тоомсорлож, гадны оронд бүгсээр байна. 

Мэдээж юм гэдэг цаг хугацаатай болохоор Ж.Мөнхбат хэзээ нэгэн цагт эх орондоо ирж л таарна. Тэр цагт тэрбээр дахиад л хуулийн байгууллагын хаалгыг татах нь ойлгомжтой юм. 

Тийм болохоор Ж.Мөнхбат та ямар ч гэм буруугүй үнэхээр шударга хүн мөн юм бол харийн оронд нуугдалгүй эх орондоо хүрч ирээд шалгуулах хэрэгтэй. Тэр үүднээсээ үргэлж зугтаж, нуугдаж амьдрана гэдэг ямар ч боломжгүй зүйл. 

Тэр үүднээсээ Ж.Мөнхбат танд гэж зөвлөхөд та иргэнийхээ үүргийг ухамсарлан эх орондоо иргэн ирж, хууль хяналтын байгууллагад шалгуулан үнэн мөнөө олох хэрэгтэй гэж зөвлөе.  


Ж.Эгшиглэн