sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 10 /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ-Украины хэлэлцээнд оролцохоор даваа гарагт Саудын Арабын Жидда хотод хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг нэн даруй зогсоохыг уриалж буй үед уг хэлэлцээ болох юм.


М.Рубио Жиддад байх хугацаандаа Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Аль Саудтай уулзаж, тус бүс нутаг дахь нийтлэг ашиг сонирхлыг хангах, АНУ-Саудын харилцааг бэхжүүлэх арга замуудыг хэлэлцэнэ гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мэдэгджээ.


Төрийн департаментын мэдээлснээр, М.Рубио баасан гарагт Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибигатай уулзах үеэрээ “Ерөнхийлөгч Трамп дайныг аль болох хурдан зогсоохыг эрмэлзэж байгааг илэрхийлж, тогтвортой энх тайвныг цогцлоохын тулд бүх тал алхам хийх ёстойг онцлон тэмдэглэсэн” байна. Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Саудын Арабад айлчилж, тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай уулзана.


Үүний дараа В.Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүтэй Украины дипломат албаны болон цэргийн төлөөлөгчид Саудын Арабад үлдэж, АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээ хийнэ. Украины багт мөн А.Сибига, Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров, цэргийн командлагч Павло Палиса нар багтах ажээ.


М.Рубио АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц болон Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф нартай хамт Жидда хотноо Украины албаны хүмүүстэй хийх хэлэлцээнд оролцох юм. С.Уиткофф сэтгүүлчдэд хэлэхдээ, энх тайвны хэлэлцээр болон анхны гал зогсоох хэлэлцээрийн бүтцийг гаргахыг зорьж байна гэжээ. АНУ-Украины хэлэлцээ нь Америкийн өндөр албан тушаалтнууд Эр-Рияд хотноо Оросын албаны хүмүүстэй хэлэлцээ хийснээс хойш гурван долоо хоногийн дараа болох юм. Украины тал АНУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдээд, шаардлагатай шийдвэр, алхмуудыг хэлэлцэж тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 


“Украин энэ дайны эхний секундээс л энх тайвныг эрэлхийлсээр ирсэн. Бодит саналууд хэлэлцээний ширээн дээр байна. Хамгийн гол нь хурдан бөгөөд үр дүнтэй ажиллах ёстой” гэж В.Зеленский бямба гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Саудын Арабад айлчилсныхаа дараа М.Рубио гуравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болох “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Канадын Шарлевуа мужид очно. Хоёрдугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлд “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар “тогтвортой энх тайвныг тогтооход” туслах үүрэг амлалтаа онцолж, Украинд “аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх” шаардлагатайг дахин нотолсон билээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг