sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 6 /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Америкийн авто машин үйлдвэрлэгч гурван том компанийн захирлуудтай уулзсаныхаа дараа Канад, Мексикийн авто машинд татвар ногдуулах хугацааг нэг сараар хойшлуулахаар шийдвэрлэжээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Д.Трамп “Форд”, “Женерал Моторс”, “Стеллантис” компаниудыг эдийн засгийн хүндрэлд оруулахгүйн тулд татвараас чөлөөлөх шийдвэр гаргасны сацуу улс орнуудад ногдуулах татварыг дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа.


“Энэ боломжийг ашиглан хөрөнгө оруулж, үйлдвэрүүдээ АНУ руу нүүлгэн шилжүүлж эхлэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ бол гол зорилго” гэж К.Ливитт нэмж хэлжээ. Цагаан ордон энэ мэдээг баталсны дараа буюу лхагва гарагийн үдээс хойш дээрх гурван компанийн хувьцааны ханш өссөн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг