sonin.mn

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж буй эвийн сэтгэлтэй, элэг нэгт монголчууд та бүхнийхээ урин хавартаа учран золгож буй билэгт сайн өдрүүдийн амар мэндийг эрэн мэндчилье.


Дэлгэрч дэвжих итгэл бэлгэдэл айл өрх бүрийн үүдээр хаврын тэргүүн сарын шинийн өдрүүдтэй хамт сэтгэл тэнийлгэн ирдэг билээ. Хаана итгэл үнэмшил байна, тэнд хөгжил дэвшил заавал ирнэ гэдэгт би итгэдэг. Улс орны маань хувьд улиран одож буй модон луу жилдээ мөр замаа зөв гаргаж, алсын хараатай, холын зорилготой байж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон төслүүдээ хөдөлгөж чадлаа. Том зорилгынхоо төлөө бид нэгдмэл байж чадсан шигээ, хөгжил дэвшилдээ бас хүн бүр итгэл сэтгэлээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орныхоо наран ургах зүгээс наран жаргах хүртэл, дахиад наран ургах хүртэл уудам монгол орон даяар бие биедээ "Итгэл" өгч, сэтгэлийн дэмээр холыг зорьж, улс Монголынхоо "Хөгжлийн нар"-ыг хамтдаа харцгаая.


Иргэд, айл өрх, албан байгууллагуудын нийтлэг нэгдмэл зорилгод нийцсэн, улс орныхоо тогтвортой, өсөлттэй эдийн засаг, хөгжлийн төлөө бүтэн Монголоороо бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе. Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монголчууд, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэндээ 17-р жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч Модон могой жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ханзарсан цасны дороос тэмүүлэх яргуйг харах шиг, түмэн төлийн дуу цангинахыг хамтдаа сонсох шиг, ирж яваа хөгжлийн цагийг бэлгэдсэн урин цагтайгаа золгоцгооё. Та бүхэн минь айл хотлоороо, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.