sonin.mn

Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой гээд л шүлэг дуунд мөнхөрсөн, шастир түүхэнд дуурьсагдсан наран мандах зүгийн нутгаар саатан буудаллав. Үнэхээр л утга уянга төгөлдөр болохоор өөрийн эрхгүй онгод оргилж, хийморь сэргэдэг хэмээн төрсөн нутаг усныхаа талаар манай ахмад сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч бэлтгэлд байгаа дэд хурандаа Гомбын Баатарнум нэгэнтээ шүүрс алдан өгүүлсэн нь сэтгэлд зурсхийх зуур бид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт дөрөө мулталлаа. Зорьсон айл маань энэ ажээ.


Эх орноо батлан хамгаалах үйлсэд хослон зүтгэж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг халуун ам бүлээрээ өргөтгөн тэлж, дорнын тэнгэр, улсын агаарын хилийн харуулын албанд сонор сэрэмж, хурц хараа сорин бэлхэн жагсах алба хаагчид бол ахлах ахлагч Батсайханы Анхбаяр болон Сумьяадоржийн Батчулуун нар билээ.


Өөдлөх айл үүднээсээ андашгүй гэдэг. Наран дуртмал талын Ширээтийн хөндийд төвхнөсөн энэ айлын хашааны хаалгыг татан ороход шинэхэн барьсан байшин дүнхийж, гэрийн эздийн ажилтай, анхиатайг илтгэх мэт хашааны доторх цэмцийж харагдана. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 086 дугаар тусгай салбарын Нууцын дарга-архивын эрхлэгч Б.Анхбаярынх сэтгүүлч миний таамаглан бодсончлон энэхүү байшингаа барьж ороод удаагүй байгаа ажээ. Анхны ажилдаа томилогдоод анд нөхөртэйгөө амь зангидан амьдарч эхлээд удалгүй айлын хүргэн болоод явахад нь авааль гэргийгээ аваачиж, хосын амьдралаа эхэлсэн албан тушаалын байр, аавын голомтоос гал таслан тусдаа гарч амьдарсан таван ханатай монгол гэр дамжиж өрнөсөн хосын амьдрал өдгөө хөлс хүчээрээ бүтээн бий болгосон, сэтгэлдээ зураглаж, оюундаа буулгасан хэлбэр хэмжээ, зохион байгуулалтаа бодит болгосон энэхүү шинэхэн байшинд аз жаргалтайгаар үргэлжилж байна. Холын гийчин биднийг энэ гэрийн жинхэнэ босс А.Тэмүүжин хүү дуу шуутайхан угтлаа. Газарчилж бидэнтэй хамт очсон тусгай салбарын захирагч хошууч Б.Баянтөртэй хэвлүүхэн хүү хэзээ язааны алга цохилцон мэндчилэх зуур ээж нь түүний дэггүйтлийн ул мөрийг арилгаж, цэлийлгэж орхисон “усан зам”-ыг арчиж харагдав. Энэ зуур бас ах, эгч нь гэртээ бөмбөг цохилцож, адар, абжур, эмжээр хүрээ шүргэсэн “хэргийн ажиг сураг” дуулдав.


May be an image of 1 person and text

Ёстой л хүүхэд бужигнаж, хөөр цалгиж байдаг айл бололтой. Гэрийн эздийн зөвшөөрснөөр байшинг сонирхож, танилцаж явсаар хүүхдийн өрөөгөөр шагайхад том хүү өөрийнхөө талыг тамирчны стайлаар тохижуулсан бол охин харин обойгоо хүртэл гүнжийн эрхэмсэг нандинд зохируулсан байх нь энэ гэрт хүүхдүүд л жинхэнэ эзэн суусан бололтой. Өдгөө гурван сайхан үрийн аав ээж болж, гэрээдээ яарах учиг, гэр бүлийн жинхэнэ аз жаргал энэ юм шүү дээ хэмээн өгүүлж суугаа хос тэртээ 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр буюу Гэгээн хайрын өдрөөр анх бие биеэ харж, танилцсандаа бэлгэшээдэг. Тэр үед Б.Анхбаяр БХИС-ийн Ахлагчийн сургуулийг оператор-планшетчин мэргэжлээр төгсөж, салбартаа томилогдон очоод бас ч үгүй хоёр гурван жил ажиллачихсан байв. Харин багаасаа цэргийн хүн болохыг хүсэж явсан С.Батчулуун мөрөөдөлдөө нэг алхам ойртож, аймгийн төвөөс Баяндэлгэр сумыг зорьж очоод, тус салбарт дагалдан радио-телеграфчнаар орсон тэр өдрөө залуу бүсгүйн хувьд үе тэнгийн залуусын анхаарал, харцанд өртсөн нь мэдээж. Өрсөлдөгч олонтой байсан ч Б.Анхбаяр “зээрийн янзага шиг дүрлэгэр нүдтэй дагалдан охин”-ыг мессежээр “бөмбөгдөж”, Мартаар болзож, Цэргийн баяр гэхэд нэлээд дотносож, бие биеэ ойлголцоод авсан гэдэг.


May be an image of 1 person and text

Харин гэргий С.Батчулуун нь “Шохоорхож өдөх үе тэнгийн залуучуудаас хамгийн анх мессеж бичсэн зоригтон, ер бусын хөгжилтэй зантай, цэвэрхэн шар залуу” яалт ч үгүй бусдаас ондоо байсан тухай өгүүлээд, сонголт нь зөв байсныг он жил улирах тусам улам ч их ойлгодог гээд өнөөдөр инээмсэглэж сууна. Дэргэдээс хань нь “Одоо л амьдралын эрхээр борлочхоод байна. Бас эхнэрийнхээ хоолонд пологтсоор нэлээд жин нэмчихсэн байгаа биз дээ” гэхдээ танилцаж байсан гэгээн хайрын өдрийн торгон мөч хормоор аялаад ирэв үү гэлтэй харц нь очтон, царай нь гэрэлтэж харагдана. Юутай ч тэд хос болсноор ганц бие байсан нэгэн үеийн залуус дуу дуугаа авалцан хосоо олж, амьдрал зохиоцгоож эхэлсэн гэнэ.


Үеийнхнийхээ “ханийн тэнгэр”-ийн үүдийг ийнхүү нээсэн тэднийг булган сүүлтэй ч гэх юм билээ. Бие биеийнхээ ажил мэргэжлийн онцлогийг ойлгох, хамт олондоо эерэг энерги түгээх, ажил амьдралын ачааг эн тэнцүү үүрэх талаараа давуу байдаг болоод ч тэр үү нэг гэр бүлийн алба хаагчид энэ салбарт цөөнгүй гэнэ лээ.


Тэд хоёул Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул агаад хэн хэн нь Баяндэлгэр сумд орших энэхүү Зэвсэгт хүчний тусгай салбараас ажлын гараагаа эхэлсэн нь амьдралын гараа болон өргөжин цэцэглэж, өдгөө арав гаруй жилийн амьдралын замналтай, агаарын цэргийн талаар хүүрнэн өгүүлэх дурсамжтай, залуу боловсон хүчин дүү нартаа захиж хэлэх ажлын туршлагатай алба хаагчид болсноо өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн салбарынхаа түүхт 60 жилийн ойн үеэр илүүтэй мэдэрсэн гэдэг. Ёслол төгөлдөр тэмдэглэсэн дээрх түүхэн ойгоос гадна салбарын бүтээн байгуулалт, тохижилт, Сүхбаатар цэргийн хүрээний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн, Буйр нуурын аялал, шинэ байрны цайллага, явган аялал гээд л тэдний удирдлага, хамт олонтойгоо бий болгосон үнэт дурсамж, үйл явдал болгоныг тоочоод баршгүй. Тийм ч болохоор өрхийн тэргүүн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065 дугаар анги болон 086 дугаар тусгай салбарынхаа удирдлага, хамт олондоо талархаж, баярлаж явдгаа онцлон илэрхийлсэн юм. Өдгөө тус салбарын ахлах телеграфчин ахлах ахлагч С.Батчулуун өөрөө ажил албандаа маш хариуцлагатай хандахын зэрэгцээ цэргийн алба хаагчийн гэргий, мөн нэгэн цагт энхийг сахиулагчийн ар гэр болж явсны хувьд мөрдэст бүсгүйчүүдийн үүрэг хариуцлага бусдаас хувь илүү байдгийг онцоллоо. Тэрээр анхны хүүгээ төрүүлээд хоёрхон сартайд нь ханиа БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний цэргийн багийн I ээлжээр энхийг сахиулах үйлсэд анхлан үдэж байсан бол дараа нь Афганистан Улсад үүрэг гүйцэтгээд ирэхэд нь гурван сартай охиноо тэврээд угтаж байсан журамт гэргий, хаттай бүсгүй. Жирэмсний хяналтдаа үзүүлэх, өрхийн эмнэлгээр очихдоо ганцаардах, “нөхөргүй хүүхэд төрүүлдэг” гэлцэн шивэр авир хийх зарим хүнээс жийрхдэг байсан ч харийн нутагт энхийн төлөө зүтгэж яваа ханьдаа бол саарыг сонсгох, санааг нь зовоохыг цээрлэж явсан гэдэг.


Өнөөдөр хүү А.Тэмүүлэн, охин А.Анирлан нь өсөж торниод, эхнээсээ спортын мөр хөөж, волейболын тэмцээн уралдаанд оролцоод эхэлжээ. Аав амьтай ганц охин нь бүжигт сонирхолтой ч сүүлийн үед ахынхаа нөлөөгөөр волейболоор хичээллэх болжээ.


Хоёр томыгоо төрүүлж, өсгөхөд дутуухан оролцоотой байлаа гэх нөхрийн “дотоод гэмшил”-ийг цайруулах мэт бага хүү А.Тэмүүжин мэндэлсэн нь энэ гэр бүлд ахин инээд баясал, аз жаргалыг бэлэглэсэн төдийгүй аавыгаа “шар даавууны арав хоног”-оос авхуулаад үдэш шөнийн нойр, өдөр дундын эргэлт гээд жинхэнэ эцэг хүний үүрэг хариуцлагыг биеэр эдлүүлж яваа гэнэ дээ. Үерхэж байгаа гэдгээ бусдаас нууж чадсан ч хүүхэдтэй болсноо төдий л нууж чадалгүй “гэрэл цохиулснаа”, анхны үр нь ажил ихтэй аавыгаа “хүлээсээр” илүү тээлттэй болсон ч сумаас аймагт ирмэгц нь төрсөн, хоёрхон сартай үлдсэн өлгийтэй жаахан үр нь ажиллагаанаас ирэхэд үс гэзэг ургачихсан, монгол цамц өмд өмсчихсөн, жанжин малгай духдуулчихсан догь угтсан, харийн газар үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаанаасаа өмнө охиноо эцгийн совингоор мэдэрч, гэнэт залгаж тэрхүү баярт мэдээг сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж байснаа, нэг л сонин содон, энхрий нандин нэр охиндоо өгчих гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан, мөн нэг айлын бэрүүд, ах дүү хоёрын гэргий нар нэг өдөр ганцхан цагийн зайтай төрж аймгийн төв эмнэлгийнхний ярианы сэдэв болж байсан гэх зэргээр тэд үр хүүхдүүдийнхээ тухай ам уралдан ярих нь сэтгэлд нэн дотнохон.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хүүхдүүдийн тухай яриаг нь ажил алба руу нь чиглүүлбэл мөн л сэтгэл хангалуунаар хамт олныхоо тухай өгүүлж, манай Зэвсэгт хүчин сайхан шүү дээ, одоо бүр цалин хөлс ч нэмэгдлээ, онцгой нөхцөлийн нэмэгдэл ч өслөө, алслагдсан бүсийн нэмэгдэл ч олгогдохоор болсон, Монгол Улсынхаа агаарын зүүн хилийн халдашгүй дархан байдлын төлөө гэр бүлээрээ зүтгэж явна гэж бодохоор л огшдог гэхчлэн чин сэтгэлийн үгс хөврүүлэх нь гайхалтай. Байгаа бүхэндээ талархаж чаддаг, амьдарч байгаа хором бүхнээ аз жаргалтай өнгөрүүлдэг, нэг тийм амар амгалан жинхэнэ “хөдөө агаар” мэдрэгдэхүй атаархах ч шиг.


Гэр бүлийн аз жаргал, ажил амжилтын үнэ цэнийг мэдэрч жаргах ч алхам тутамдаа түгжрэл, утаа, үнийн хэт хөөргөдөл зэрэг нийгмийн үзэгдэлд өөрийн эрхгүй бухимддаг “хотын асуудал”-даа түүртдэгээ хөдөө ажилласан хэд хоногт, ялангуяа энэ гэгээлэг гэр бүлтэй ярилцаж суухдаа илүүтэй мэдрэх ч шиг.


Тэгсэн ч “эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдэг шиг тун удахгүй цэргийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарахаараа юу хийх вэ, хот хүрээ бараадах уу гэж түншиж асуувал дуу нэгтэйгээр “үгүй, үгүй, нутагтаа л амьдарна” гэнэ билээ. Гэргий нь тодорхой төлөвлөсөн зүйлгүй ч дөнгөж дөч хүрсэн хүнд хийх юм хаанаас мундах вэ гэсэн бол өрхийн тэргүүн “Миний хийх ажил бол тодорхой” гэсэн нь учиртай юм санж. Түүний өвөө Сүхбаатар бол аймгийн алдарт уяач, өвгөн аав Самдан нь мөн нэрт уяач хүмүүс байжээ. Тэр хүүхэд байхаасаа хурдны морь унаж, түрүүлгэж, айраг ууж байсан төдийгүй том болж морины хүүхдээс хасагдангуут туслах адуучин хийж байгаад цэргийн хүн болоод нэг хэсэг мориноос хөндийрчээ. Харин 2017 оноос энэхүү хоббигоо сэргээж, дүүтэйгээ морь уяж эхэлжээ. Босоо цагаан хиймориороо ивээдэг сайхан амьтан даа, амьд “витамин” л гэсэн үг гээд нүд нь сэргээд ирэх тэрбээр заримдаа ачаалалтай ажиллаад ядарсан үедээ хөдөө адуун дээрээ очоод хэсэгхэн байхад сэргээд л ирдэг гэнэ лээ. Тэнгэрийн харуул “газардах” нэгэн цагт тэтгэж ивээх хийморь сүрэг үүрсэн хүлээж байгаа ажээ...



Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин