
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж байна. Үүний нэг боло Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт Улсын Их Хурлын дарга зочиллоо.
2021 оны гуравдугаар сараас тус компани ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цагт 40 автомашин үйлдвэрлэж буй тус компани хиймэл оюун ухаан, роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй автомашиныг бүтээж байна.
БНХАУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааныг чухалчлан авч үзэж буйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотголоо. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзах үеэрээ Монгол Улс, БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнд зочилж, тус улсын төрийн албаны хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй үр дүнтэй аргуудын талаар санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр манай улс мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албыг бий болгож, менежментийг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж эхэлснийг дурдав. Тэрбээр дижитал технологи, хиймэл оюун ухааныг хүний нөөцийн бодлогодоо ашиглаж эхэлсэн тус улсын туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНХАУ нь төрийн албанд мэргэшсэн, авьяаслаг, чадвартай иргэдийг бэлтгэхэд анхаарлаа хандуулж, энэ хүрээнд хиймэл оюун ухаан, дижиталчлалыг ашиглаж байна. Түүнчлэн гадаад улс орнуудтай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхдээ богино хугацааны сургалтад хамруулж, шаардлагатай мэдлэг, чадварыг олж авахад анхааран ажиллаж буй бодлогоосоо танилцуулав. Тус хүрээлэн нь БНХАУ-ын Хүний нөөц, нийгэм хамгааллын яаманд шууд харъяалагддаг бөгөөд Засгийн газарт шаардлагатай судалгаануудыг гүйцэтгэж, төрийн бодлого шийдвэрт санал, дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг байна.
Үргэлжлүүлэн айлчлалын бүрэлдэхүүн Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцав.
207 айл өрхийг нэгтгэсэн, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлж буй тус хоршоо 2 сая 300 мянган юанийн дүрмийн сантай, 380 гаруй хөдөө аж ахуйн хүлэмж зэрэг 10 сая юанийг давсан үндсэн хөрөнгөтэй. Хоршооны гишүүд гишүүн бус 500 өрхийг дэмжиж, жил бүр 2000 гаруй тариаланчдад сургалт явуулдаг байна.
Жилдээ 15 сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг хоршоо ашгийн 60 хувийг борлуулалт, 40 хувийг хөрөнгө нийлүүлсэн хувь хэмжээгээр нь харгалзан хуваарилдаг. Гишүүн бүр жилд дунджаар 8000 юанийн нэмэгдэл авдаг талаар танилцуулж байв. Жиньхуйнун тариачдын хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршоо нь шинэ технологи, инновацыг байнга нэвтрүүлж, гишүүд нэгдсэн байдлаар бүхий л үйл ажиллагаагаа явуулж чаддаг гэлээ. Цаашид үйл ажиллагаагаа хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах улс орны бодлоготой уялдуулах хүрээнд гишүүдийн тоог нэмэгдүүлж, менежментээ сайжруулж, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглүүлж байгаагаа онцолж байлаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл0