sonin.mn

СӨҮЛ, 2025 хоёрдугаар сарын 26 /RIA Novosti/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлэхтэй /импичмент/ холбоотой хэргийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн шүүх хурлын сүүлчийн сонсгол өчигдөр болжээ. Энэ үеэр Юн Сог Ёль сүүлчийн үгээ хэлэхдээ иргэдээсээ уучлалт хүсээд, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон гэдгээ онцлон дурдсан байна. 


“Улс орон, ард түмний эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон хэдий ч явцын дунд эрхэм иргэд та бүхэнд хүндрэл учруулж, та бүхнийг төөрөгдүүлсэндээ би чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" гэж тэрбээр мэдэгдлээ. 


Юн Сог Ёль цааш нь хэлэхдээ, өөрийг нь дэмжиж байсан залуус "хүнд хэцүү байдалд орсонд маш ихээр сэтгэл зовниж, гэмшиж" байгаагаа илэрхийлсэн байна. Залуус гэдэг нь өнгөрсөн сард үймээн дэгдээсэн хэргээр саатуулагдсан хүмүүсийг хэлсэн бололтой. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мөн өөрийг нь дэмжиж байсан болон шүүмжилж байсан хүмүүс бүгд "эх орноо хайрласандаа" ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаагаа мэдэгджээ.


"Алдаа дутагдлыг минь үл харгалзан надад итгэж, дэмжиж байсан нийт иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн та бүхний надад хандаж хэлсэн шүүмжлэл, зэмлэлийг би чин сэтгэлээсээ хүлээн авах болно. Би цэцэглэн хөгжиж буй БНСУ-ын түшиг тулгуур болохын тулд чадах бүхнээ хийх болно" гэж тэрбээр хэлэв.


Хоёрдугаар сарын 25-нд болсон БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн анхдугаар хуралдаан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах хэргийг хэлэлцэх эцсийн сонсгол болж магадгүй байв. Ардчилал, эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулсан болон бусад хэд хэдэн гэмт хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм. Сүүлчийн сонсголын үеэр талууд баримт нотолгоогоо гарган тавьж, яллагч болон шүүгдэгч нар сүүлчийн үгээ хэлсэн юм. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэц "хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мокийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн шүүгчээр Ма Юн Хюкийг томилохоос татгалзсан нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар шийдвэр гаргана" гэдгээ хоёрдугаар сарын 25-нд мэдэгджээ. Эл асуудлыг хэлэлцэх хүсэлтийг Өмнөд Солонгосын парламентын дарга Ву Вон Сик гаргажээ.


Парламентад олонх болж буй сөрөг хүчин Чон Ге Сон, Ма Ун Хёк, Чо Хан Чан нарыг Үндсэн хуулийн цэцийн шүүгчид нэр дэвшүүлсэн боловч Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок өнгөрсөн оны 12 дугаар сард Чон Ге Сон, Чо Хан Чан нарыг томилж, харин Ма Юн Хюкийг нэр дэвшүүлэх асуудлаар эрх баригч болон сөрөг хүчний намууд зөвшилцөлд хүрээгүй гэх үндэслэлээр томилгооны асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. 


Парламентын дарга Ву Вон Сик нэгдүгээр сарын 3-нд парламентын нэрийн өмнөөс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, гурван нэр дэвшигчийн зөвхөн хоёрыг нь томилсон нь Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг батлах, шүүгчдийг сонгохтой холбоотой Үндэсний Ассамблейн эрхийг зөрчсөн гэж мэдэгджээ. Хэрэв Үндсэн хуулийн цэц парламентын шаардлагыг хүлээж авбал Чой Сан Мок Үндсэн хуулийн цэцийн шүүгчээр Ма Юн Хюкийг томилох үүрэг хүлээж, улмаар шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тул Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг дахин хэлэлцэхэд хүрч магадгүй юм. Хэрэв шүүгчдийн бүрэлдэхүүн хэвээр үлдвэл Юн Сог Ёлийг огцруулахтай холбоотой хэргийн талаарх эцсийн шийдвэрийг гаргахын тулд дахин хэд хэдэн удаа сонсгол хийж, санал хурааж, шийдвэрийн эх хувийг боловсруулж, зарлах ёстой бөгөөд үүнд хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргахад зургаадугаар сарын 12 өдөр хүртэл хугацаа байгаа боловч гуравдугаар сарын дундуур шийдвэр гарах бололтой.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг