sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 26 /AFP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “алтан карт” хэмээх оршин суух зөвшөөрлийг 5 сая доллароор зарахаар төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгдэхдээ Оросын олигархиуд үүнийг худалдан авах боломжтой гэж мэдэгджээ. Уламжлалт ногоон картны өндөр үнэтэй хувилбар болох энэхүү шинэ визийг борлуулснаар ажлын байрууд бий болохоос гадна төсвийн алдагдлыг бууруулахад нэмэртэй гэж тэрбээр хэлсэн байна. 


Д.Трамп Зууван танхимд сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид алтан карт зарах гэж байна. Та ногоон карттай бол энэ бол алтан карт. Бид энэ картны үнийг 5 сая доллароор тогтооно" гэв.


Бичиг баримтгүй олон сая цагаачийг албадан гаргахыг эн тэргүүний зорилтоо болгож буй Д.Трампын хэлснээр, шинэ төрлийн карт нь АНУ-ын иргэншил авах боломжийг олгох ажээ. 


“Олон хүн манай улсад амьдрахыг эрмэлзэх болно. Тэд хүмүүсийг ажлын байраар хангаж, компани байгуулах боломжтой” хэмээн Д.Трамп хэлээд, тэд бол хөрөнгө мөнгөтэй, чинээлэг хүмүүс байх болно гэдгийг онцолсон байна. Картыг хоёр долоо хоногийн дараа борлуулж эхлэх ажээ.


“Бид нэг сая ширхэг ийм төрлийг картыг зарах боломжтой. Бүгдийг хуульд нийцүүлэн шийдсэн. Алтан картыг авахаар хүсэлт гаргасан бүх хүнийг сайтар шалгана” гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Харин Оросын чинээлэг хүмүүс өргөдөл гаргах боломжтой эсэхийг асуухад, боломжтой гэж хариулжээ. “Би Оросын зарим олигархийг маш сайхан хүмүүс гэдгийг мэднэ. Тэд өмнөх шигээ баян биш болсон ч гэлээ таван сая доллар төлөх чадвартай байгаа гэж бодож байна” гэж Д.Трамп хэлсэн байна. Гурван жилийн өмнө Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Оросын хэд хэдэн олигархи барууны хориг арга хэмжээнд өртсөн юм.


АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ, Оросын эсрэг хоригийг цуцлах нь “хэзээ нэгэн цагт” боломжтой боловч одоогоор уг асуудлыг хэлэлцээгүй байна гэв. 


Зууван танхимд Д.Трампын дэргэд зогсож байсан АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник алтан картын талаар хэлэхдээ “бид энэ мөнгийг төсвийн ​​алдагдлыг бууруулахад ашиглах боломжтой” гэжээ. Мөн шинэ картыг өөрийнхөө нэрээр нэрлэж магадгүй гэдгээ Д.Трамп дурдсан байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг