sonin.mn

БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Германы парламент буюу Бундестагийн ээлжит бус сонгуулиар нам нь 5 хувийн босгыг давж, парламентад суудал авч чадаагүй учир Либерал чөлөөт ардчилсан намын (FDP. Die Liberalen) дарга Кристиан Линднер улс төрөөс явж байгаагаа мэдэгдлээ.


"Либерал чөлөөт ардчилсан нам сонгуульд ялагдал хүлээлээ. Гэхдээ шинэ Германы эхлэлийг тавьсан гэж найдаж байна. Энэ бол миний тэмцэж ирсэн зүйл юм. Харин одоо би улс төрийг орхиж байна” гэж К.Линднер олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна. 


Сонгуулийн урьдчилсэн мэдээллээр, Бундестагийн ээлжит бус сонгуульд тус нам 4.4 хувийн санал авч, 7 дугаарт оржээ. 2021 оны сонгуулиар либералууд 11.4 хувийн санал авч байсан бөгөөд Социал демократ нам (SPD) болон Ногоон намтай хамтран эвслийн засгийн газрыг байгуулж, К.Линднер Сангийн сайдаар томилогдон ажиллаж байсан юм. 


Германы Канцлер Олаф Шольц өнгөрсөн оны 11 дүгээр сард К.Линднерийг албан тушаалаас нь огцруулахдаа “итгэл эвдсэн” хэмээн буруутгасан юм.


Түүнийг огцруулсны дараа Либерал чөлөөт ардчилсан намаас томилогдсон бусад сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан тул 2025 оны хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулахаар товлосон юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг