sonin.mn

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажлынхаа зарим үр дүнтэй холбоотой асуудлаар тайлбар хийв. Тодруулбал тэрбээр: “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-тай холбоотой гэж их ярьдаг. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ компанитай ямар ч холбоогүй юм билээ. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүх цаас бичиг баримтыг хоёр сар үзэж судалсан. Би 20 жил улс төрд явахдаа тооцоо судалгаа баримт, үндэслэл гаргалгаатай ярьдаг хүн. 


Тэгэхээр энэ бүх цаас, цагаан дээр хараар бичсэн бүх тогтоол шийдвэрийг харахад энэ компани Д.Амаарбаясгаланд ямар ч хамаагүй, тэр хүн шүүх цагдаагаараа явж нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй.


Сая энэ үйлдвэрийн эзэнтэй уулзлаа. Тэр том том улс төрчдийн нэрийг хэлээд гүтгээд хов жив тариад яваад байгаа нь бидний хамаг ажлыг нурааж байна гэж хэлж байна.   


Ажлын хэсгийн ахлагчийн хувьд үнэхээр тэр хүн холбоотой бол Монголын ард түмэнд хэлж, тэр шүүх цагдаад нь өгөх ёстой. Байхгүй юмыг би байхгүйгээр нь ярина. Би хов жив, худлаа гүтгэлэг тараахгүй.  

Хоёрдугаарт, энэ асуудал дээр “Админерал” гэдэг энэ компанитай холбоотой газрын 35 га газрыг эзэмшүүлсэн явдлыг би бүр онцгойлж авч үзэж байгаа. Энэ сумын засаг дарга нь энэ газар эзэмших гэрээг өгсөн. Аймгийн засаг дарга нь тэр гэрээг нь цуцалсан.  Одоо энэ 35 га газар эзэн биегүй явж байгаа. Энийг бушуухан шиг Эрдэнэс тавантолгой буюу Монголын 3 сая 500 мянган хүний эзэмшилд нь буцаагаад аваатахаач ээ гэдэг бол нэгдүгээр асуудал. 


Яагаад гэвэл хэрвээ 35 га-гаар нь хулгай хийсэн л бол араас нь оочерлосон шуналын бүлэглэлүүд гараад ирэх вий гэдэг ийм байдлыг таслан зогсооно.


Гуравдугаарт гэвэл энэ үйлдвэр хөрөнгө оруулалтаар боссон. Хувийн болон олон хүний хөрөнгө оруулалт байгаа. Энэ бол Тавантолгойтойгоо маргааш гэрээ хийж, маргааш хэлэлцээрт орж, яаралтай энийгээ ажиллуулах ёстой. Газрын асуудлыг хөндөж болохгүй. 

Харин энэ үйлдвэрлэлийн, технологийн, энэ хуурай аргаар баяжуулах аргыг яаралтай ажилд нь оруулах ёстой. Энэ хүний ажлын байр, олон хөрөнгө оруулалт дээр бид хүнлэг байх ёстой” гэлээ.  


С.Сарнай